2022.10.20
Х.Булгантуяа: Шүгэл үлээгчийн хуулийг баталснаар Монгол улсын авлигын индекс хэр дээшлэх вэ
УИХ-ын ээлжит чуулганы /2022.10.20/-ны өдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Олон улсын хуульчдын ассиоцын тайлангаас Шүгэл үлээгчийн хууль авлигалыг бууруулах, шүгэл үлээгчийг хамгаалахад хэр үр дүнтэй байдаг вэ гэдэг 2021 оны тайланг уншсан юм. Олон улсын авлигалтай тэмцэх конвецид нэгдсэн 140 орноос 59 орон шүгэл үлээгчийн хуультай. Эдгээр орнууд нь ихэнхдээ Европын болон АНУ, Англи зэрэг улсууд байна. Хамгийн олон шүгэл үлээх, гомдол гаргадаг, шүүхэд ханддаг улс нь Англи болон АНУ байдаг аж. Гэтэл шүгэл үлээгчийнхээ талд шийдвэрлэсэн тохиолдол бага байна. Жишээлбэл Англи улсад жилд 224 гомдол гаргаад шүүхэд очиход үүнээс 31 нь буюу 13.8%-тай шийдэгджээ. Япон улсад 4.5 хувьтай.
Тэгэхээр шүгэл үлээлэгчийг хамгаалах асуудал эдгээр орнуудад дутмаг байдаг. Тиймээс шүгэл үлээлээ гэхэд нэр төр, өмч хөрөнгө, зарим хүмүүсийн эсрэг эрүүгийн хэрэг хүртэл үүсгэдэг юм байна. Өндөр хөгжилтэй орнуудад тодорхойгүй, хуулиараа хамгаалагдаж чадахгүй байна. Монголд хууль гаргаад тэр нь хамгаалагдах болов уу гэдэгт эргэлзэж байна. Монголд бие биенийгээ танихгүй биш. Жишээлбэл банк санхүүгийн салбарын ажилтан манай захирлууд төрийн мөнгө идэж байна мэтээр шүгэл үлээхэд дараа нь тэр хүнийг энэ салбарт хэн ч ажилд авахгүй байх. Ийм эрх зүйн орчин үүсчих юм биш биз.
Энэ асуудал явсаар шүүхийн байгууллагад очино. Гэвч шүүгч нар маань шударга байж чадаж байгаа юу? Монгол улс авлигын индексээр тааруухан байгаа дээр шүгэл үлээгч гэдэг хүн байхгүй болоод байгаа учраас манайх ийм байгаа юу? Эсвэл өөр ямар үзүүлэлтээр Монгол улсыг дүгнээд байгаа вэ.
Энэ хуулийг баталчихвал манай улс авлигын индексээрээ хэдэн оноо аваад яаж урагшлах вэ? Үүнийг дагаад өөр ямар хууль, эрх зүйн орчин бий болох ёстой гэж үзэж байгаа вэ? Мөн хувь хүний нууц байхгүй цагт энэ хууль хүчтэйгээр орж ирэх нь зөв үү.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024.12.02