Канад улсад Монгол залуусыг сургах хүсэлтээ илэрхийллээ
2022.10.17
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Канад улсад Монгол залуусыг сургах хүсэлтээ илэрхийллээ

Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюритэй уулзаж хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Канадын Парламентын Сенатын танхимын дарга Ж.Фюри боловсролын салбарт 10 гаруй жил ажиллажээ.

Монгол залуус Канад Улсад суралцах сонирхол их. Өнөөдрийн байдлаар 300 орчим Монгол оюутан Канадад өөрсдийн зардлаар суралцаж байна. Цаашид жил бүр 20 хүртэл оюутныг Канадын их, дээд сургуульд сургах хүсэлтийг илэрхийллээ.

Ингэхдээ сургалтын төлбөр болон амьжиргааны зардлын 50 хувийг Монголын Засгийн газраас, үлдсэн 50 хувийг Канадын талаас гаргуулах саналтай байгаагаа хэллээ.

Монгол Улсын Засгийн газраас англи хэлийг хоёрдогч хэл болгох зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан англи хэлний сайн дурын багшийг Монгол Улсад урьж, ажиллуулахад дэмжлэг хүслээ. Ялангуяа математик, англи хэл, байгалийн ухааны багшийн англи хэлний мэдлэг чадавхыг сайжруулахад хамтран ажиллах асуудлыг онцгой анхаарч өгөхийг ноён Спикерээс хүслээ. Канад Улстай багшийн англи хэлийг сайжруулах төсөл хөтөлбөрийг 1998-2011 оны хэрэгжүүлж 1200 багш хамрагдаж байсан юм.

Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль шинэчлэн батлагдах гэж буй. Үүнтэй холбогдуулан Канадын Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын “CICan” холбоотой мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын бие даасан байдлыг дэмжих, санхүүжилт, хөрөнгө оруулалтын шинэчлэлийг хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг чанаржуулах, багш бэлтгэх, сургалтын орчныг сайжруулж, тэгш хамрах сургалтыг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний чадавхыг бүрдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах саналыг хүргүүллээ.

Канадын их, дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээний байгууллагуудыг “Монгол судлал”-ын мэдээллээр хангах, сурталчлах ажлыг зохион байгуулах, Канад дахь “Монгол судлал”-ыг өргөжүүлэх, хурал зохион байгуулах, урлагийн хамтарсан концерт, гэрэл зургийн болон урлагийн үзэсгэлэн гаргах чиглэлээр мөн хамтран ажиллах эрмэлзэлтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ