Ж.Бат-Эрдэнэ: Улсын төсвийн хөрөнгийг өөрсдийн халааснаас гаргаж байгаа юм шиг хуваарилдгаа болих хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-УИХ 2023 оны төсөв хэлэлцэж байна. Таны хувьд Булган аймагт маш бага төсөв тавьж байгаа талаар шүүмжилсэн. Б.Жавхлан сайд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуульд заасны дагуу аймгуудад төсөв төсөвлөсөн гээд байгаа. Яг ямар зүйл заалтын дагуу аймгуудын төсвийг хуваарилав?
-Би Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн ямар зүйл заалтын дагуу оруулж ирж байгаа талаарх хариултыг л Б.Жавхлан сайдаас нэхээд байгаа юм. Гэтэл хуулийнхаа дагуу явж байна гэсэн бүдэг бадаг л хариулт өгсөн. Үндсэндээ улсын төсвөөс хөрөнгө оруулалт оруулж байгаа. Энэ нь цэцэрлэг, сургууль, нийгмийн чиглэлийн барилга байгууламж гэх мэт. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалтад зориулж Булган аймагт 40 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн.
Үүнээс гадна улсын төсөвт орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг аймаг бүрт өгч байгаа. Аймаг бүрийн санхүүжилтийг харахад 2023 онд Булган, Сүхбаатар аймаг дээр найман тэрбум төгрөг, бусад нь өндөр төсөвтэй байна. Орон нутгийн хөгжлийг дэмжих сангаас Баян-Өлгий, Булган аймагт бага, бусад аймагт өндөр төсөвтэй байх жишээтэй. Энэ дүнг бусад аймгуудтай харьцуулаад үзэхэд манай аймагтай ойролцоо хүн амтай, ойролцоо нутаг дэвсгэртэй, Улаанбаатар хотоос бүсчилсэн байдлаараа алслал нь адилхан аймгийг харахад төсвийн хувьд нэлээд зөрүү гарч ирж байна.
Орон нутгийн төсвийн санхүүжилтийг аймгуудад харилцан адилгүй тусгасан байна. Зарим аймаг нь хоёр дахин илүү төсөвтэй байх жишээтэй. Өнгөрсөн жил мөн адил үүнийгээ эргэн хараач ээ гэж хэлж л байсан. Гэтэл энэ жил өмнөх шигээ л орж ирж байна. Ингэж төсвийг хуваарилж болохгүй. Яагаад ийм байна гэхээр янз бүрийн үзүүлэлт, хууль ярьдаг. Их хуралд орж ирснээсээ хойш Булганд тавигддаг төсвийг тодорхой хэмжээнд нэмүүлсээр ирсэн. Гэхдээ тун хангалтгүй байсаар өдийг хүрч байна.
-Эдийн засаг хөгжлийн сайд ч төсөв хуваарилалтад анхаарах хэрэгтэй болов уу?
-2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулж байхад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр С.Бямбацогт гишүүн бид хэд Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь, томоор нь хардаг институцитэй болох хэрэгтэй гэж үзэн Эдийн Засгийн хөгжлийн яамтай байх ёстой гэдгийг тусгасан. Сангийн яамыг тусдаа явах нь зүйтэй гэж үзсэн. Энэ маш зөв зүйтэй яам байгуулагдсан. Том төслүүдээ хэрхэн санхүүжүүлж удирдах вэ гэдгийг энэ яам бодлогоор шийднэ. Жишээ нь, урд хөршид Үндэсний хөгжил шимтгэлийн хороо гэж байдаг.
Үндэсний хөгжил шимтгэлийн хороо нь улсынхаа хөгжлийг салбар салбараар нь урт хугацаанд тодорхойлчихдог. Үндэсний хөгжил шимтгэлийн хорооны сайд нь богино хугацаанд чанартай маш сайн ажиллах л үүрэгтэй очдог. Гэтэл манайд нэг нь сайд болохоороо өмнөх Сайдын ажлыг үгүйсгэдэг. Цоо шинэ зүйл гаргаж ирдэг. Улс орны хөгжлийг асуудлын эхэнд тавьж анзаарч харахгүй байна. Жавхлан сайдтай төсвөөс өмнө уулзахад “Яг үнэндээ Ж.Бат-Эрдэнэ гишүүн ээ танай аймаг Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Завхан гэх аймгууд үнэндээ хаягдчихсан юм байна” гэж хэлж л байсан.
Хоёрдугаарт, манай аймгийн хажууд улсын томоохон “Эрдэнэт” үйлдвэр байна. Булган аймагт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт оруулж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Аль боломж бололцоотой нь Эрдэнэт рүү, эсвэл Улаанбаатар руу шилждэг. Нэг хэсэг Төв аймаг тийм байлаа ш дээ. Хаягдчихаад байсан. Үүнийг л больё гээд байгаа юм. Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд хаана юм хаягдаад байна тэрийг нь нөхөж байх ёстой. Улсын төсвийн хөрөнгийг өөрсдийн халааснаас гаргаж байгаа юм шиг хуваарилдгаа болих хэрэгтэй. Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн бүр төрийн үйлчилгээг тэгш авах эрхтэй. Яагаад зарим аймагт нь бага төсөв суулгаад бусдад нь өндөр төсөв суулгачихдаг юм. Энэ талаасаа хуулиа эргэн харах хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан.
-Энэ жилийн төсвийг та ерөнхийд нь яаж харж байна?
-2023 оны улсын төсөв төсвийн реформ хийсэн төсөв орж ирж байна. Улсыг томоор нь харах ёстой. Улс орон жигд хөгжих ёстой. Ерөнхий сайд Улсын төсвийг тэгшитгэн хувааж, асуудлыг гал унтраах байдлаар аргацааж, шилжих төслүүдийн урсгал зардалд төсвийн дарамт үүсдэг байсан тогтолцоог халж, цаашид шинээр санхүүжүүлэх төслүүдийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, Эдийн засгийн хөгжлийн яам нэгдсэн байдлаар төлөвлөж, Сангийн яам санхүүжүүлдэг тогтолцооны реформ руу шилжинэ гэсэн. Олон төсөл хөтөлбөрүүдийг больё гэж байгаа юм байна. Гуравдугаарт, төсвөө нэг сайн цэвэрлээд номонд нь оруулаад авъя гэдэгтэй бол миний хувьд санал нэг байгаа. Гагцхүү үнэхээр шинэчлэлээ хийе гэж байгаа бол зайлшгүй засах зүйл төсөв дээр харагдаж байна.
-Тухайлбал?
-Улаанбаатар хотын түгжрэлд зориулж төсөв тавигдах гэж байх шиг байна. Ноднин жил түгжрэлд зориулж 420 тэрбум төгрөг тавигдсан. 420 тэрбум төгрөгийн 300 гаруй тэрбумыг нь түгжрэлд зарцуулсан гэх мэдээлэл бий. Хэрвээ тийм бол энэ жил дахиж 420 тэрбумыг бус 300 гаруйг тэрбум төгрөгийг төсөвт суулгавал зохилтой. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулъя гэж байгаа бол орон нутагт амьдарч буй иргэд ч яг л ижилхэн хэмжээний үйлчилгээ авч амьдрах ёстой.
Булган аймагт авто замын төсөл, сумдын халуун усны барилга гээд нэн хэрэгцээтэй олон төсөл үргэлжилнэ. Халуун усны барилга барих гэлээ гэж хэвлэлээр шүүмжлээд байсан. Халуун усны газар нь угаалгын газар, үсчин гээд цогц үйлчилгээний төв байх юм. Энэ маань малчдад, сумын иргэдэд хэрэгтэй. Аймаг, сумдад байгаа халуун усны газар гэж муурын байшинг л юм байдаг. Халуун усчгүй сумд олон байна. Хөдөөд хүрэх үйлчилгээг бид хаячихаад байна.