МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөдөө аж ахуйн экспортын алдагдаж байгаа боломжийг инновац, цахим шийдлээр нөхөх боломжтой
2022.10.12

Хөдөө аж ахуйн экспортын алдагдаж байгаа боломжийг инновац, цахим шийдлээр нөхөх боломжтой

Хөдөө аж ахуй бол манай улсын хувьд эдийн засгийн тулгуур бөгөөд стратегийн онцгой салбаруудын нэг.

Сүүлийн жилүүдэд дэлхийд инновацын сонирхолтой шийдлүүд, цахим технологиудыг асар хурдтай хөгжүүлж, салбарын үр өгөөжийг хэд дахин нэмэгдүүлж байна. Ялангуяа уудам том газар нутаг, хатуу ширүүн уур амьсгалтай манай орны хувьд инновацын болон цахим технологиудыг маш сайн хөгжүүлж чадвал хамгийн наад зах нь малчин, тариаланчдын хөдөлмөрийг хөнгөвчлөхөөс эхлээд уламжлалт салбартаа тулгуурласан жишиг хөгжлийг дэлхийд гайхуулах бүрэн боломжтой.

Тус салбарын цахим хөгжлийн талаар ярилцахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагууд, холбогдох албан хаагчдыг хүлээн авч уулзаж,

  • Цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилт, эрхзүйн орчинд тулгамдсан заалт, журмууд
  • Хөдөө аж ахуйн салбарт ашиглаж, хөгжүүлж байгаа цахим системүүд, тэдгээрийн хэрэглэгчдийг чадавхжуулах асуудал
  • Монгол бүтээгдэхүүний экспортыг хэрхэн цахим технологи ашиглан нэмэгдүүлэх зэрэг сэдвээр ярилцаж санал солилцлоо.

Тус салбарт өнгөрсөн 10 жилд 54 систем, вэб сайт хийгдсэнээс одоогийн байдлаар 50 хувь нь ашиглагдаж байгаа аж. Бусад салбартай харьцуулахад цахим хөгжлөөр ахиц дэвшилтэй байгаа гэж дүгнэж болохоор байгаа ч цаашид систем хоорондын уялдааг илүү сайжруулж, малчид, тариаланчдыг тухайн систем, аппликэйшнуудыг бүрэн ашиглахад туслах гэх мэт чухал ажлууд байгааг сануулж хэллээ.

Цахим үндэстэн гэдэг нь зөвхөн төрийн үйлчилгээний тухай асуудал биш бөгөөд ялангуяа хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэгч, хэрэглэгчийг холбосон цогц экосистемээр нь хөгжүүлж, монгол бүтээгдэхүүнийг олон улсад хүлээн зөвшөөрөх тусгай зөвшөөрлүүдийг авах, улмаар экспортод алдаад байгаа асар том потенциалыг нөхөж, эдийн засгийн урсгалыг нэмэгдүүлэх бодит алхмууд хэрэгтэй байгааг онцолж хэллээ.

Уулзалтад,

  • ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэн
  • Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн дарга Ж.Батсайхан
  • Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Цэгмэд нар оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ