Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ
2022.10.05
Эдийн засаг, Худалдаа

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны аравдугаар сарын 5-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.

Ашигт малтмал олборлох, боловсруулах, тээвэрлэх бүх дамжлагуудад цахим төлбөрийн баримт үйлдэх, холбогдох бүх гэрээг татварын нэгдсэн системд бүртгэж бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох тогтолцоог 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан бий болгох, гаалийн бүрдүүлэлтийг цахимаар гүйцэтгэх тогтолцоог нэвтрүүлж, 2023 оны эхний өдрөөс зөвхөн энэ тогтолцоогоор ашигт малтмалын үйл ажиллагааг явуулж цахим системд бүртгэгдээгүй тохиолдолд экспортод гаргахгүй байх,

Гаалийн автомат бүрдүүлэлтийн систем болон нүүрсний шинжилгээний лаборатори, ухаалаг гарцын байгууламжийг Шивээхүрэн боомтод 2022 онд, Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудыг 2023 оны гуравдугаар улиралд, Ханги, Булган, Бичигт боомтуудыг 2024 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулж лабораторийн шинжилгээг хил дээр түргэн шуурхай гүйцэтгэж, шинжилгээний дүгнэлтийг гаалийн бүрдүүлэлтэд автоматаар бүртгэж тогтолцоонд тухай бүр шилжүүлж ажиллуулах зэрэг арга хэмжээ авахаар тогтоолд тусгалаа.

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх тогтолцооны шинэчлэл болон богино дунд хугацаанд экспортоос олох валютын бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд хэрэгжсэнээр ашигт малтмалын борлуулалтын үйл ажиллагаа ил тод болж, баялгийг олон улсын үнээр худалдаалах боломж бүрдэх, олборлолтоос экспорт хүртэлх бүх үе шатанд цахим төлбөрийн баримтын бүртгэл хийгдэж, ашигт малтмалын шинжилгээний дүгнэлт, гаалийн бүрдүүлэлтийг автоматаар гүйцэтгэх тогтолцоо нэвтрэх, валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ