МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллүүдийг сонслоо
2022.10.05
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллүүдийг сонслоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2022.10.04) хуралдаан 11 цаг 13 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар 10 дугаар сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсов.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, Монгол орны ой нь мөнх цэвдэг, ус, чийгийг тогтоон барих, гадаргын усны горимыг зохицуулах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, ургамал, амьтны амьдрах таатай орчныг бүрдүүлэх зэрэг байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах хамгааллын өндөр ач холбогдол бүхий эмзэг тогтоцтой онцлог экосистем юм. 2020 оны байдлаар ойн сан бүхий газар 18,321 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.7 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 7.9 хувь байгааг тодотгов.

Үндэсний хөдөлгөөнийг 2022-2030 онд хэрэгжүүлэхэд жилд 150 сая тарьц, суулгацын нөөц шаардлагатай байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдаад “Тэрбум мод”-ыг тарьж ургуулах ажлын хүрээнд сэрүүн бүсийн ойн нөхөн сэргээх зорилгоор 667.2 сая мод, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад 272.3 сая, голын эх, татам, нуур, цөөрмийн орчимд 229.8 сая, хамгаалалтын зурваст 209.4 сая, төв, суурин газрын ногоон байгууламж 130.8 сая буюу нийт 842.4 сая навчит үүлдрийн модыг тарьж нийтдээ 1.5 тэрбум модыг тарьж, ургуулах тооцоолол гараад байна. 2021-2022 оны намар, хаврын улиралд 21 аймаг, нийслэл 3.8 сая, уул уурхайн томоохон 21 аж ахуйн нэгж 3.4 сая, улсын хэмжээнд нийт 7.2 сая ширхэг мод тарьсан гэж байлаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай усны нөөцийг хур тунадасны улирлын шилжилт, эрчмийн өөрчлөлтийг харгалзан аадар бороо, цас мөсний хайлалтын усыг тогтоон барих хөв цөөрмүүдийг байгалийн тогтоц ашиглан байгуулах, нуур, гол, мөрний татамд үерийн усыг хуримтлуулах дэд бүтцийг бий болгох, говь хээрийн бүсэд газрын доорх усны ордын орчимд үерийн усыг тогтоон барих далан, шингээх худаг, нэвчүүлэх цөөрөм байгуулах замаар усны нөөц баялгийг арвижуулах, ойжуулалт, мод усалгаанд байгальд ээлтэй, олон улсын шилдэг туршлага, ногоон шийдлүүд бүхий усалгааны арга технологийг нэвтрүүлж, хот, суурин газрын ойжуулалтын усалгааны шийдлийг үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг эргүүлэн ашиглах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, шийдвэрлэхээр төлөвлөж байгааг Б.Бат-Эрдэнэ сайд мэдээлэлдээ дурдсан.

Мөн Монгол оронд гадаргын усны хуримтлал бий болгон нөөцийг нэмэгдүүлэх, урсцын тохируулга хийх, шилжүүлэн ашиглах зорилгоор Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тус тус "Хөх морь” төслийг хэрэгжүүлэхээр тусгаж, хүн ам, газар тариалан, уул уурхай, эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэх хэрэгцээг хангахад гадаргын ус хуримтлуулан олон зориулалтаар ашиглах боломжтой Орхон-Онги, Хэрлэн-Тооно төслийг эн тэргүүнд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж буйг онцлов.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Б.Бейсен, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Т.Аубакир нар асуулт асууж, санал хэлсэн.

Гишүүдийн зүгээс Монгол Улсын ойн хэдэн хувь нь хортон шавьж болон гал түймэрт өртөөд байгааг илүүтэй лавлаж байлаа. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын бодлоготой уялдуулан жимс, жимсгэний мод суулгахаар төлөвлөсөн, эсэх уулын модыг нийслэл хотод шилжүүлэн тарьж суулгаж байгаагийн үр дүнгийн талаар илүүтэй тодруулав.

Ажлын хэсгийн зүгээс Монгол Улсын нийт ойн сангийн 1.8 сая га талбай хөнөөлт хортон шавьж, гал түймэрт өртөж сүйдсэн. Үүнийг нэн тэргүүнд нөхөн сэргээх шаардлагатай байгаа. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд бид 11 хувьд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн гэдгийг хариултдаа онцолсон.

Мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас уулын модыг суурин газарт шилжүүлэн суулгах ажлыг зохион байгуулдаг. Өнгөрсөн жил 8400 ширхэг модыг хот суурин газрын ногоон байгууламжид тарьж суулгасан бөгөөд ургалт нь 99 хувьтай байгаа гэсэн мэдээллийг бидэнд ирүүлсэн. Ер нь стратегийн орд бүхий газар, авто зам барих, эрчим хүчний өндөр хүчдэлийн шугам татах зурвас газрын модыг тайрч цэвэрлэх шаардлагатай байдаг. Энэ асуудалд салбарын яам, орон нутгийн харьяа байгууллагуудтай хамтарч мэргэжлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргасны үндсэн дээр модыг тодорхой тоогоор шилжүүлэх асуудал байдаг. Үүнээс бусад тохиолдолд ойгоос мод шилжүүлэхийг хориглосон гэв.

Түүнчлэн салбарын яамны зүгээс 1990 оноос өмнө жимс, жимсгэнэ тарьж байсан талбайнуудыг сэргээх бодлогыг барьж байгаа. Тухайн газруудад дэд бүтэц болоод холбогдох суурь судалгаанууд хэдийнэ хийгдсэн тул эхний ээлжинд эл талбайг ашиглахаар төлөвлөсөн хэмээн хариулж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ