МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Хууль зүйн байнгын хороо хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан, төрийн хүнд суртлыг арилгасан олон хуулийг батлуулахаар ажиллана
2022.10.04
Хууль, эрх зүй

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Хууль зүйн байнгын хороо хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан, төрийн хүнд суртлыг арилгасан олон хуулийг батлуулахаар ажиллана

Улсын их хурлын 2022 оны намрын ээлжит чуулган Даваа гарагт нээлтээ хийсэн билээ. 

Чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан, төрийн хүнд суртлыг арилгасан, иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн олон чухал хуулийг батлуулахаар төлөвлөжээ.

Тухайлбал, батлагдсан цагаасаа хойш иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа "Зөрчлийн тухай хуулийг" өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн сайн туршлагыг үргэлжлүүлэн шүүмжлэл дагуулсан асуудлыг засах замаар зөрчил гаргасан бол үүрэг хариуцлагыг заавал биелүүлдэг тогтолцоог бий болгон шинэчлэн батлуулна.

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол болон сэтгэцийн хор уршгийг зөвхөн нотлох баримтад тулгуурлан эмчилгээ, оршуулга, тээврийн зардлын баримтыг харгалзан хохирлыг тооцож байгаа эрх зүйн орчинг өөрчилж учирсан бодит хохирлоос гадна эдийн бус хохирол болох сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлдэг эрх зүйн орчинг бүрдүүлэн "Шүүх шинжилгээний тухай хуулийг" шинэчлэн батлуулна.

Иргэн, хуулийн этгээд нь ашиг олох зорилгоор зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол тодорхой шаардлага тавьж, бүртгэл, хяналттай болгох төдийгүй бүртгэлгүйгээр ашгийн төлөө, байнга зээл олгох үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд, хуулийн этгээдэд хариуцлага тооцож, хүү авах эрхгүй болгох ингэснээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх салбар мэргэжлийн, хариуцлагатай болж, бүртгэлгүй иргэд татвар төлөхгүйгээр, дур зоргоороо хүү, алданги тогтоон ашиг олох үйл ажиллагааг хумих зохицуулалтыг тусгаж "Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг" шинээр батлуулна.

Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, Өмчлөх эрхийн эсрэг, Эдийн засгийн гэмт хэргийн бүлэгт зарим төрлийн гэмт хэргийг шинээр нэмж, зарим гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, Мөнгө угаах болон татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн онцлог, олон улсын байгууллагаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг харгалзан эдгээр гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх зэрэг зохицуулалтыг тусган "Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна" гэх мэт олон хуулийн төслийг хэлэлцэн батлуулахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн хүний эрх, эрх чөлөөг хамгаалж хууль бус, шударга бус зүйлийг нийтэд зарласан, нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн хүнийг аливаа хэлбэрээр дарамтлах, гадуурхах, хохирол учруулах явдлаас бүрэн сэргийлсэн хуулийн зохицуулалтыг бий болгохоос гадна нийтийн эрх ашгийг хамгаалсных нь төлөө урамшуулдаг тогтолцоог бий болгож "Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг" батлуулах аж. 

ШИНЭ МЭДЭЭ