2022.09.22
Орон нутгийн хөгжил
Гурванбулаг сумын сургуулийн дотуур байр гал тогооны тоног төхөөрөмжтэй боллоо
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тойрогтоо ажиллаж байна.
ГУРВАНБУЛАГ СУМ: Гишүүн Гурванбулаг суманд 6 дугаар сард ажиллаж, иргэд, төрийн албан хаагчидтай уулзах үеэр тавьсан хүсэлтийн дагуу сургуулийн дотуур байранд гал тогооны тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.
Тус гал тогоонд дотуур байрны сурагчдаас гадна үдийн цай хөтөлбөрт хамрагддаг сурагчид хооллодог тул тогооч нар нь ажил, ачаалал ихтэй байдаг. Тиймээс тогооч нарынхаа хөдөлмөрийг хөнгөвчлөх болон эрүүл ахуй, чанар стандартыг сайжруулах зорилгоор тус тоног төхөөрөмжүүдийг олголоо.
ХАНГАЛ СУМ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хангал сумын төв дундуур 1.1 км хатуу хучилттай авто зам, явган хүний зам тавигдаж байна. Өнөөдөр авто замын асфальт бетон хучилтын ажил эхэлж байгаа юм. 2019 онд тус суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Спорт заал барьж, ашиглалтад хүлээлгэн өгч байсан бол ирэх онд сургуулийн их засварын санхүүжилтийг шийдвэрлэх болно.
Хангал суманд ажиллах үеэрээ Суурь боловсролын сургуульд 15 ш морин хуур хөгжим гардууллаа. Мөн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын санхүүжилтээр барьж буй Эрдэнэт-Хангал-Хялганат чиглэлийн 53.6 км авто замын ажил үргэлжилж байна.