МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Coal Mongolia" чуулганыг нээв
2022.09.07
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Coal Mongolia" чуулганыг нээв

Экспортын нүүрсний төрөл нэмэгдэж, ангилал шинэчлэгдсэн, БНХАУ-ын зах зээлд Монгол Улс урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулах яриа хэлэлцээ эхэлсэн, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг албан ёсоор нээхээр болсон, эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ дэлхий дахинд нэмэгдсэн энэ цаг үед нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэн Шангри-Ла зочид буудалд “Сэргэлтийг хамтдаа” уриан дор өнөөдөр эхэллээ. “Ковид-19” цар тахлын улмаас сүүлийн хоёр жил өнжсөн “Coal Mongolia” 10 дахь жилдээ ийнхүү болж байна.

Төр засаг, хувийн хэвшил, уул уурхайн салбарын тал талын оролцогчид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, судалгаа шинжилгээний байгууллагын төлөөллийг нэгтгэсэн энэ намрын хамгийн том арга хэмжээ өнөөдөр, маргааш үргэлжлэх юм.

Нүүрс олборлолт, баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн компаниуд, туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгч нар, зөвлөх үйлчилгээ, техник технологийн компаниуд, банк санхүүгийн байгууллагууд, салбарын эрдэмтэн судлаачид “Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэнд ирээд байна. Монгол Улсын нүүрсний салбарын хөгжлийн дараагийн үе шатыг тодорхойлох, салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний экспорт, худалдааны нөхцөлийг сайжруулах, техник технологийн дэвшлийг танилцуулах, нүүрсний зах зээлийн нөөц, боломж, тулгамдсан асуудлаа хэлэлцэх нь чуулга уулзалт, үзэсгэлэнгийн нэн тэргүүний зорилт.

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэнд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар болон Дэд сайд О.Батнайрамдал, Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, Олон улсын байгууллагын төлөөлөл, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулан, “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал, “Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн”-гийн захирал Б.Түвшинтөгс, “Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа тэргүүтэй зочид оролцож буй.

“Coal Mongolia-2022” чуулганы эхний салбар хуралдаан нь “Шинэ сэргэлтийн бодлого нүүрсний салбарт, нүүрсний салбарын оролцогч талууд” сэдвээр үргэлжилж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд боомтын хүчин чадлыг гурав дахин тэлж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж буй. Тухайлбал, энэ дагуу нүүрсний экспортын гол боомт Шивээхүрэнд 17 га талбайд чингэлэг тээврийн терминал байгуулах бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Үүнийг төр, хувийн хэвшлийн хүрээнд Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд өөрсдийн зардлаар гүйцэтгэж байна.

“Монгол Нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал, “Coal Mongolia” чуулганыг хамтран зохион байгуулж ирсэн Ж.Золжаргал “Монголын нүүрс үйлдвэрлэлийн тулгамдаж буй асуудлууд”-ыг тодорхойлох бол “Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчин”-ы талаар нэгдсэн мэдээлэл өгөх юм. Монголбанкны мэдээллээр, 2021 оны байдлаар манай улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлж байна.

Экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний олборлолт, үйлдвэрлэлд өрөмдлөг, тэсэлгээ нэн чухал. Үүнтэй холбогдуулан MERA ГРУПП-ийн гүйцэтгэх захирал Н.Түмэндэмбэрэл “Force majeure-ийн үед уул уурхайн салбарыг тэсэлгээний материал, хэрэгслээр хангах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх бол “Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн”-гийн ахлах судлаач З.Манлайбаатар “Монгол Улсын нүүрсний экспорт ба АМНАТ” судалгааны үр дүнгээ танилцуулах юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дотоодын экспорлогч компаниуд экспортын бүтээгдэхүүний жишиг үнэ тойрсон асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, жишиг үнээр тооцох болсноор АМНАТ дарамт болж байгааг хөндөж ирсэн.

Тэгвэл нүүрсний ангилал нэмэгдсэнээр нүүрсний экспортын жишиг үнийг бодитой тогтоох, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа бизнесийн бодит нөхцөлд нийцэж, санхүүгийн дарамтад орохгүй байх, Монгол Улсын экспортын нүүрсний нэр төрөл олширч, төсөвт төвлөрүүлэх татварын нийт хэмжээ өсөх зэрэг олон талын ач холбогдолтойг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал онцолсон. Монгол Улс нүүрс экспортолж эхэлснээс хойш 2014 он хүртэл тодорхой ангиллын стандартгүй коксжих, коксжихгүй бүх төрлийн нүүрсний голлох үзүүлэлт нь илчлэгээс хамаарах заалттайгаар ангилж, АМНАТ тооцоог хийдэг байв.

Чуулга уулзалтын тус хэсэгт Монгол дахь Австралийн Худалдааны ТУЗ-ийн дарга, Жулиен Лауренс оролцож, “Австрали, Монгол хоёр улсын нүүрсний экспортын бизнесийн харьцуулалт” илтгэл өрнүүлэхээр байна. “Coal Mongolia-2022” чуулганы нэгдсэн хэлэлцүүлгийг Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан чиглүүлэх юм.

Чуулга уулзалтын дараагийн хэсэг “Нүүрсний зах зээл дэх өөрчлөлт, түүний дүн шинжилгээ” сэдвээр үргэлжилнэ. Эхний илтгэлийг “Ногоон шилжилт-Коксжих нүүрсний ирээдүй” сэдвээр хөрөнгө санхүү, баялгийн салбарт судалгаа хийж, өргөн хүрээнд танилцуулж ирсэн MIRA Mongolia судалгаа, мэдээллийн фирмийн Партнер Ц.Хангай хэлэлцүүлнэ. Энэ хэсэгт “Фэнвэй дижитал Информэйшн Сервисек” ХХК-ийн Ерөнхий менежер Фэнг Донгбин “Азийн зах зээл дэх Монголын нүүрсний эзлэх байр суурь ба боломжууд”-ыг, “Цар тахлын дараах Хятад Монголын нүүрсний зах зээлийн төлөв байдал, цаашдын чиг хандлага”-г “Түдэй Тинк Танк” ХХК-ийн Ерөнхий менежер Хөү Жихуа нар цахимаар илтгэлээ танилцуулах юм.

Мөн “S&P Global Commodity Insights”-ийн шинжээч Клаудиа Сиа, “Хятадын нүүрс тээвэр түгээлтийн холбоо”-ны Ерөнхийлөгч Ян Шианфэн нар “Coal Mongolia-2022” чуулганы зах зээлийн онцлох илтгэлүүдийг хэлэлцүүлэхээр байна. Манай улсын нүүрсний экспорт он гарснаас хойш өдгөө 15 сая тонн руу дөхөөд байна. Энэ жилийн хувьд улсын төсөвт тодотгол оруулж, нүүрсний экспортын хэмжээг хоёр дахин бууруулж, 18 сая тонн болгосон. Оны эцэс гэхэд нүүрсний экспорт 20 сая тонн давна гэсэн хүлээлт салбарынхан дунд байна. Өнөө жилийн “Coal Mongolia” чуулга уулзалт уул уурхайн салбар дахь технологийн дэвшлийг онцолж буй. “Бүрэн цахилгаанжуулсан дижитал уурхай”-г АББ группын Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирал С.Эрдэмбаяр хэлэлцүүлэх бол нүүрсний уурхайн дижитал шийдлийг Data mine компанийн Монгол дахь төлөөлөгч Д.Батсайхан танилцуулж, ирээдүйд чиглэсэн уул уурхайн өөрчлөлтийг хуваалцах юм.

Нэмэлт мэдээлэл:

-Коксжих болон эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Дэлхийн дахинд өрнөж буй нөхцөл байдлаас шалтгаалж эрчим хүчний гол эх үүсвэр одоогоор нүүрс хэвээр гэдгийг улам тодотгов. Нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх төслүүд дахин хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орж, нүүрсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, удааширсан төслүүд урагшлах боломж бүрдлээ. Дэлхийн эрчим хүчний 35.2 хувийг нүүрсээр хангадаг бол энэхүү хувь, хэмжээ цаашид нэмэгдэхээр байна.

-ОХУ дэлхийн нүүрсний зах зээлд эзлэх экспортынхоо хэмжээг 2050 он гэхэд 18 хувиас 25 хувь хүртэл нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийллээ. Ингэснээр ОХУ хамгийн том экспортлогч болох, БНХАУ-ын нүүрсний импортын зах зээлд өөрийн байр сууриа улам тэлэхээр байгаа нь ижил зах зээлд өрсөлдөгч орнууд, тэр тусмаа Монгол Улсын хувьд өрсөлдөөн ширүүсэх, зах зээлийн нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөх дүр зургийг бүрдүүлж байна.

-Дэлхий нийтийг түгшээсэн "Ковид-19" цар тахлаас үүдэлтэй удаан хугацааны турш үргэлжилсэн хөл хорио, чанга хатуу халдвар хамгааллын дэглэм нь нүүрсний экспортыг бүхэлд нь хумьсан билээ. Цар тахлаас өмнө манай улс 2019 онд 36 сая тонн нүүрс экспортолж байсан бол энэ хэмжээ 2020 онд 31 сая тонн, 2021 онд 15.9 сая тонн болтлоо буурсан билээ. Энэ онд нүүрсний экспорт 20 сая тонн давах хүлээлттэй байна.

-Монгол Улсад хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын томоохон хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй нийт 24 орчим компани байна. Үүний 10 нь нүүрсний салбарынх. Тухайлбал, "Энержи Ресурс" буюу “Mongolian Mining Corporation” (MMC) Хонгконгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй бөгөөд 2010 оны 11-р сард 650 сая ам.долларыг олон улсын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлж, төслөө эхлүүлж байв.

-Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, “Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн: Юуны өмнө нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оурулалтын “Coal Mongolia” чуулга уулзалтыг зохион байгуулагчдад 10 жилийн ойн мэнд хүргэе. Олон улсын хэмжээнд нүүрсний салбарын хөгжлийг тодорхойлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах, түншлэгч байгууллагуудын шинэ техник технологийн хөгжлийг үзэж судлах, холбоо харилцаа илүү өргөн хүрээнд явуулах боломж нээгдэх зэрэг олон талын ач холбогдол өндөртэй чуулган. Энэ жилийн хувьд “Сэргэлтийг хамтдаа” уриан дор зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон, үр дүнтэй алхам болох гэж найдаж байна.

Дэлхий дахинд 80.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий нүүрсний 1863 төсөл хэрэгжиж байна.


"Coal Mongolia 2022" өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх чуулганыг УУХҮ-ийн шинэ сайд Ж.Ганбаатар нээн үг хэллээ.

- Ковидын улмаас энэ чуулганыг хоёр жил зохион байгуулаагүй юм.

Манай улсын экспортын орлогод жинтэй хувь нэмэр оруулдаг эрсдсийн нэг нь нүүрс. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод боомтуудын хүчин чадлыг нэмэх, боомтуудыг авто болон төмөр замаар холбох зорилт дэвшүүлсэн. Ингэснээр боомтуудын боймыг арилгана, нүүрсний экспорт өсөх юм.

"Таван Толгой"-д цахилгаан станц барих жил эхэлсэн. Эрдэнэс Монгол компанийн харьяанд нүүрсний групп байгуулна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэнэ. Эрдэс баялгийн салбарын орлогыг иргэдэд тэгш хуваарилах боломж бүрдэнэ. Би сүүлийн дөрвөн жилд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог тэргүүлсэн тул энэ салбарыг гадарлана. Ажлаа аваад удаагүй байна. Би УИХ-ын гишүүн тул салбар хоорондын уялдааг хангах, нүүрс тээвэрт анхаарч ажиллана.

УУХҮЯ дараах бодлогыг баримтална:

-Хариуцлагатай уул уурхайг дэмжинэ. Тусгай зөвшөөрлөө авсан бүх компанийг дэмжинэ.
-Хувийн хэвшлийн өрсөлдөөний чадварыг дээшлүүлнэ. Хэн мэдээлэлд ойр байгаа нь давуу эрх эдлэхгүй, төр давамгайлахгүй. Төр хувийн хэвшилтэй ажил хийх гэж уралдахгүй.
-Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаална.
Энэ сарын 19-23-ны хооронд уул уурхайн салбарын 100 жилий ой болно.УУХҮЯ-наас зохион байгуулах энэ үйл ажиллагаанд та бүхэн идэвхтэй оролцоорой гэв. Хамгийн анх 2012 онд Coal Mongoliа

ШИНЭ МЭДЭЭ