МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Идэрбат: Далай мэт эрдэм мэдлэгээс хичээнгүйлэн суралцаж, хувь заяаныхаа эзэн болоорой
2022.09.01
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ц.Идэрбат: Далай мэт эрдэм мэдлэгээс хичээнгүйлэн суралцаж, хувь заяаныхаа эзэн болоорой

Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачууд, сурагчид, оюутан, дүү нараа!

Эрдэмтэн багш нар, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд ээ,

Та бүхэндээ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж,  эрдэм оюуны их үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

“КОВИД-19” цар тахлыг Монгол улс дэлхийн бусад улс орны адил даван туулж, 2 жилийн дараа хичээл, сургалтаа хэвийн горимоор нээн эхлүүлэх гэж байгаад чин сэтгэлээсээ баяртай байна.

Энэ хичээлийн жилд Монгол улсын хэмжээнд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын 854 сургуульд 746,653 хүүхэд суралцахаас 1 дүгээр ангид 77,7 мянган сурагч шинээр элсэж, 12 дугаар ангид 33,4 мянган сурагч дэвшин тус тус суралцаж байна.

Монгол Улсын 2-5 насны 303,7 мянган хүүхэд байгаагийн 268,5 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 88,4 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Энэ хувийг цаашид улам нэмэгдүүлэх цогц бодлогыг төр засгаас тууштай авч хэрэгжүүлнэ.

Дээд боловсролын сургалтын 67 их, дээд сургуульд 141,197 оюутан суралцаж байгаа бөгөөд шинээр 29.059 оюутан элсэн орж байна.

Улсын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд сургуулийн хүчин чадлыг 10,643 суудлаар нэмэгдүүлж,  22 сургууль, 2 спорт заал, 3 дотуур байр шинээр барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нийслэл болон аймаг орон нутагт цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оноос 2022 онд нийт 7035 ор бүхий 39 цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтад оруулсан сайхан мэдээ гарчээ.

Монгол Улсын Их хурал, Засгийн газраас ирээдүй хойчоо бэлтгэхэд анхаарч Боловсролын салбарыг Алсын хараатайгаар хөгжүүлэх томоохон зорилтууд дэвшүүлж, олон улсын сайн жишиг, туршлагуудыг нэвтрүүлэн ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Хүүхэд багачууд, оюутан, дүү нараа!

Монгол ардын зүйр цэцэн үгэнд "Хүн болох багаасаа хүлэг болох унагаанаасаа"; "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг. Тиймээс хүүхэд багачууд, дүү нар минь далай мэт эрдэм мэдлэгээс хичээнгүйлэн суралцаж, хувь заяаныхаа эзэн болоорой гэдгийг захья.

Цэцэрлэг багш, найз нартаа яаран ирсэн алдрай бяцхан хүүхэд багачууд, анхны багштайгаа учран золгож буй 2 настай шинэхэн суралцагчдадаа эрүүл энхийг хүсье.

Эрдмийн оргил өөд тэмүүлэн, сургууль, багш, найз нартаа яаран ирсэн нийт суралцагч хүүхэд багачууддаа болон сургуулийн алтан босгыг алхаж, анхны багштайгаа учран золгож буй зургаан настай шинэхэн сурагчид, сүүлчийн хичээлийн шинэ жилдээ суралцахаар сэтгэл догдлон буй 12 дугаар ангийн  сурагчид, их дээд сургуулиас мэргэжлээ эзэмшиж, ажлын талбар дээр гарах гэж буй оюутан дүү нартаа эрдэм номдоо шамдан, эх орныхоо ирээдүйн эзэн болохын гэгээн ерөөлийг дэвшүүлье. 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ц.ИДЭРБАТ

ШИНЭ МЭДЭЭ