Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал, дүгнэлт танилцуулах Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
2022.08.25
Эдийн засаг, Худалдаа

Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал, дүгнэлт танилцуулах Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.08.25) хуралдаан 11 цаг 10 минутад эхэлж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 106 тоот захирамжаар байгуулагдсан Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлэв. Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, “Хойт хил олон улсын нөхцөл байдлаас шалтгаалаад хязгаарлалттайн улмаас бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдож, тасалдахын зэрэгцээ Европын чиглэлийн тээвэрлэлт саатсан нь үнийн өсөлтөд нөлөөлж байна. Өнгөрсөн 7 дугаар сарын байдлаар инфляц 15.7 хувь болсон.

Ажлын хэсэг Улсын Их Хурлаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу зуны хугацаанд завсарлагагүй ажиллаж, гадаад, дотоод нөхцөл байдлыг судалж, үнийн өсөлтийг бууруулах, холбогдох арга хэмжээ авах талаар хүчин чармайлт гаргаж ажилласан. Төр засгийн бодлогын арга хэмжээний үр дүнд зарим нааштай үзүүлэлт гарсан. Экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 37.2 хувиар нэмэгдлээ. Гэвч цагийн байдал тогтворгүй байна. Инфляц удаан хугацаанд үргэлжлэнэ. Геополитикийн нөхцөл байдал тийм амар сайжрахгүй. Ийм учраас Ажлын хэсэг илүү эрчимтэй ажиллах хэрэгтэй байна.

Экспортын хэмжээ 1.8 тэрбум ам.доллар буюу 37.2 хувь өссөн ч цаашдаа экспортоо төрөлжүүлэх, өргөжүүлэх, хилийн боомтын сэргэлт, гадаад худалдааны бодлогыг цэгцтэй болгох шаардлагатай. Дэлхийн худалдааны эрхзүй мянга гаруй жилийн түүхтэй. Худалдаа нэгдсэн бодлого, зохицуулалтаар явагддаг чиглэлтэй. Манай гадаад худалдаа боомтын бодлогоос авахуулаад импорт, экспортын бодлого урсгалаараа явж байна.Цаашдаа Худалдааны тухай хуулийг боловсруулж, батлах, худалдааны чиглэлийн бүтэц, институц бий болгохыг олон улсын нөхцөл байдал шаардаж байна. Манай эдийн засаг үндсэндээ худалдааны эдийн засаг. Үүний илрэл нь инфляцын бараг талаас илүү хувь нь импортоос үүдэлтэй инфляц байна. Ийм нөхцөл байдалд нэлээн даацтай бодлого хэрэгтэй.

Тодорхойгүй байдал үүсгэж болохгүй. Тодорхой бус байдал хямралын шалтгаан болно. Яам тамгын газрууд сахилга, хариуцлага алдаж болохгүй. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болоод сандал ширээний асуудал яриад, тодорхойгүй байдал үүсэж, ажил цалгардах бий гэдэг болгоомжлол, эмзэглэл нийгэмд байна. Иргэдээс санал, шүүүмжлэлүүд ирж байна. Үүнийг төрийн бүх албан хаагчдад хатуу анхааруулах хэрэгтэй. Төрийн ажил төрийнхөө ном журмаар явах ёстой. Ажлын хэсэг завсар хийдлийг ашиглаж, ажил цалгардуулах, тендер төсөв мөнгөний холбоотой хууль бус асуудал үүсгэх вий гэдэгт бүх яам, хяналтын байгууллагуудтай хамтарч нарийн нягт анхаарал тавьж ажиллаарай” хэмээн чиглэл өглөө.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд Ажлын хэсгийн дэргэд байгуулсан дэд ажлын хэсгийн гишүүн, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Г.Ёндон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт, “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн дарга Х.Хэрлэн, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нарын албаны хүмүүс оролцов.

Ажлын хэсгийн мэдээллийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт танилцууллаа. Тэрбээр, инфляцын нөхцөл байдал болон эрсдэлийн талаар танилцуулахдаа Монгол Улсын жилийн инфляц 2021 онд 13.4 хувьд хүрсэн бол 2022 оны 7 дугаар сарын байдлаар 15.7 хувьд хүрч өсөөд байна. Цар тахлын өмнө нийт инфляцын 30 орчим хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс бүрддэг байсан бол өнөөдөр нийт инфляцын 54.1 хувь буюу 8.5 нэгж хувийг импортын инфляц бүрдүүлж байна. Үндэсний статистикийн хорооны тооцсоноор дотоодын гол нэрийн бараа, үйлчилгээний үнийн өсөлтийг импортын орцоор авч үзвэл сав, баглаа, боодлын үнийн өсөлтийн 79.0 хувь, тавилга, хэрэгслийн 55.8 хувь, гурил, гоймонгийн 72.0 хувь, хувцас гутлын 45 хувь нь импортоос шалтгаалсан байна.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 7 дугаар сард улсын хэмжээнд 15.7 хувь гарсны 6.3 нэгж хувь буюу 40.1 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан. Хүнс, бензин, шатахуун, түлшний бүлгийг хасаж тооцсон суурь инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс 11.8 хувь, өмнөх сараас 0.5 хувиар өссөн. 7 дугаар сарын байдлаар нийт инфляцийн 40 орчим хувь буюу 6.3 нэгж хувийг хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт бүрдүүлсэн. Хүнс, бензин, шатахуун, түлшний бүлгийг хасаж тооцсон суурь инфляц буюу эрэлтийн гаралтай инфляц өмнөх оны мөн үеэс 11.8 хувьд хүрч, Монголбанкны зорилтот түвшнээс давсан гээд цар тахлын улмаас бий болсон үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэр ложистикийн хүндрэлүүдийг гадаад талаас шалтгаалсан нөхцөл байдал улам дордуулж буйг тэмдэглэв.

Түүнчлэн, үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээний хүрээнд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг судалж, шаардлагатай арга хэмжээ авах чиглэл бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаар захирамжаар байгуулан ажиллаж буйг дурьдаад, шаардлагатай холбогдох арга хэмжээг тухай бүрд нь шуурхай шийдвэрлэн ажиллаж байна гэв. Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийж, энэ оны 12 дугаар сарыг дуустал Аи-92 автобензиний үнийг тонн тутамд 830 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн. Ингэснээр 2022 оныг дуустал үнийг тогтвортой барих нөхцөл бүрдсэн гэх зэргээр яам тус бүр салбарынхаа гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Ажлын хэсгийн танилцуулга, яамдуудын цаг үеийн ажил, арга хэмжээтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, С.Чинзориг, Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр, Т.Аубакир, Ц.Цэрэнпунцаг, Т.Доржханд, Т.Энхтүвшин, Х.Болорчулуун, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авлаа.

Гишүүд Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй ажил болон Монголбанкны үнэт цаасны нөөц олон жилийн дундажтай харьцуулахад өнөөдрийн байдлаар ямар хэмжээнд байгаа талаар болон зохимжтой хэмжээнд буй эсэх, банкууд зээл гаргахгүй байгаа болон чингэлэгийн бөөгнөрөлийг шийдвэрлэж чадахгүй байгаа шалтгаан, үнийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг хэрхэн шийдвэрлэж буй талаар асууж, хариулт авав. Мөн гол нэр төрлийн барилгын материалын үнийн хөөргөдлийг хязгаарлах чиглэлээр хийж буй ажил, эм, эмийн хэрэгслийн нөөц, гадаад валютын нөөц, Засгийн газраас зарласан “10 их наядын хөтөлбөр” дорвитой хөдлөхгүй байгаа шалтгаан, төсвийн орлого, алдагдал, инфляцтай холбоотой асуудал, гэнэтийн саатал үүсэх эрсдэлүүдийг судалж, бэлтгэл хангаж буй эсэх талаар тодруулж, хариулт авав.

Гишүүдийн асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Г.Ёндон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт, “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн дарга Х.Хэрлэн нарын албаны хүмүүс хариулт өглөө.

Тухайлбал, Хүнс хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу мах, гурилын нөөцийг хөнгөлөлттэй зээлээр бүрдүүлэхээр болсон. Энэ хүрээнд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчдэд 130 тэрбум төгрөг, дотоодын улаан буудайгаар гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн 3 хувийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн, дэмжлэгүүдийг хугацаанд нь өгч чадсан гэсэн бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд эм, эмийн хэрэгслийн нөөцийг улсын 1 өдрийн дундаж хэрэгцээнд харьцуулан нөөц хүрэлцэх хоногоор тооцоолоход 14 хоногоос бага нөөцтэй 3 нэрийн эм байна гээд тасалдаж болзошгүй эмийн хангамжийг сайжруулах чиглэлээр эм ханган нийлүүлэх байгууллагуудтай хамтран ажиллаж буй талаар хариулав.

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн зорилгын хүрээнд асуудлууд түүхий байна, үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай. Ажлын хэсэг дүгнэлт гаргах арай болоогүй байна. Дахиж хуралдаж байж тогтоол гаргах уу, Улсын Их Хурлын чуулганд оруулах уу гэдэг чиглэлээ шийдвэрлэнэ гэснээр хуралдаан өндөрлөв

ШИНЭ МЭДЭЭ