НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Нарантуул захын зүүн талын далан дагасан автозамын ажлыг яаралтай барьж дуусгахыг үүрэг болголоо
2022.08.22
Орон нутгийн хөгжил

Нарантуул захын зүүн талын далан дагасан автозамын ажлыг яаралтай барьж дуусгахыг үүрэг болголоо

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид нийслэлийн 9 дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон автозамын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцаж байгаа билээ.

Өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон тус дүүргийн иргэдийг төлөөлөн ажиллаж буй төлөөлөгч Б.Сүхбаатар, Т.Батцогт, Н.Баярмөнх, Д.Гантулга, П.Наранбаяр, Д.Энхбаяр, М.Тулгат, Д.Пүрэвдаваа нар ажиллалаа.Дээрх сэдвийн хүрээнд Баянзүрх дүүргийн ажил хариуцсан удирдах албан тушаалтнууд болон нийслэлийн холбогдох агентлагийн удирдлага, төлөөллүүд мэдээллийг эхлээд өгсөн юм. Юуны түрүүнд цэцэрлэгийн хамрагдалтын мэдээллийг өгсөн бөгөөд 39963 цэцэрлэгийн насны хүүхэд уг дүүрэгт байна.

Тиймээс хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэгдүүлэх, байгууллагын цэцэрлэг ажиллуулах, 32 байрыг түрээслэх замаар цэцэрлэгийн зориулалтаар ашиглах, гэр цэцэрлэг байгуулах зэрэг ажлыг төлөвлөсөн байна. Мөн энэ онд тус дүүрэгт хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний явцын талаарх мэдээллийг өгөв. Тус дүүрэгт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалттай 15 төсөл арга хэмжээ бий. Нийт ₮20.24 тэрбумын хөрөнгө оруулалттай ажил ерөнхий үзүүлэлтээрээ 22 хувьтай байгаа юм. Тиймээс төлөөлөгчид газрын маргаантай, санхүүжилт нь зогссон…гэх мэт ажил удааширч саатсан зарим ажлыг газар дээр нь очиж шалгалаа.

Эхлээд Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороо буюу Ахмадын хорооллын зүүн талаарх далан дагасан 0.983 км автозамын ажлын талбай дээр очсон юм. Уг зам нь 2 эгнээ зорчих хэсэг, ногоон байгууламж, явган хүний зам бүхий төлөвлөлттэй. Энхтайвны өргөн чөлөөнөөс урагш Нарны зам хүртэлх хөдөлгөөний ачааллыг хуваалцах ач холбогдолтой нутаг дэвсгэрийн туслах гудамж зам болохоор төлөвлөж байгаа. Гэвч замын трасс нь Ф600 болон Ф400-ийн магистраль шугамыг дайрч байгаа учраас гацжээ.

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Баянзүрх дүүрэгт барьж буй гол замын нэг нь энэхүү төсөл бөгөөд, ийнхүү ажил хариуцсан хүмүүсийн уялдаа холбоогүйгээс болж хугацаандаа хэрэгжихгүй байгааг төлөөлөгчид шүүмжилж, яаралтай шийдэл олж ажиллахыг үүрэг болголоо. Даралт ихтэй, өндөр ачаалалтай энэхүү магистраль шугамыг нэвтрэх сувагт оруулахаар нийслэлийн холбогдох агентлагууд ажиллаж байгаа аж.

Нарантрейд ХХК болон иргэдийн хооронд үүссэн газрын асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулна

Төлөөлөгчид дараа нь БЗД-ийн 6 хороо, "Нарантрейд" ХХК болон иргэдийн хооронд үүссэн газрын асуудал дээр очиж, ажиллалаа.

Иргэд болон компанийн төлөөлөл тус газарт байсан бөгөөд үүсээд буй нөхцөл байдлыг шийдэх үүднээс талуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулж, ажиллах шийдвэрийг Нийслэлийн ИТХ-ын Ж.Батбаясгалан гаргасан юм. Тэрбээр, “...Бүх талуудын үгийг төлөөлөгчид бид сонсоно. Тиймээс дүүргийн удирдлагуудын хэлж байгаачлан бүх түвшинд нь хамтарч байгаад энэ төслийн хүрээнд, ялангуяа оршин суугчидтай асуудлаа ярилцахаар өнөөдөр ирлээ. Энд аль нэг намын төлөөлөл биш хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж буй байгаа иргэдээ төлөөлж буй төлөөлөгчид явж байна. Тиймээс талууд харилцан хууль ёсны эрхийг хүндэтгэж асуудалд хандах нь зөв юм…” гэлээ.

Цаг агаар хүйтрэхээс өмнө “Дарь эх-Нэгдсэн эмнэлэг”-ийн цэвэр усны шугамын асуудлыг шийдвэрлэх ёстой

Тус дүүргийн 20 дугаар хороонд байрлах Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн Дарь эх-Нэгдсэн эмнэлгийн цэвэр усны шугамд үүсээд буй нөхцөл байдалтай төлөөлөгчид танилцлаа. 2020 оны долдугаар сард улсын комисс ажиллан хүлээн авсан энэхүү эмнэлгийн цэвэр усны шугам нь хөлдөлтийн түвшинд татагдсан байна. Мөн 50 м тутамд байх ёстой цэвэр усны цооног 100 м-т татагдсан зөрчилтэй. Агааржуулалтын хоолой эмнэлгийн стандартынх бус, рентген аппарат суурилуулаагүй зэрэг асуудал тулгамдаж буйг тус эмнэлгийн удирдлагууд хэллээ.

Тиймээс Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт хөгжлийн хорооны дарга Б.Сүхбаатар, төлөөлөгч Т.Батцогт нар цаг агаар хүйтрэхээс өмнө гүйцэтгэгч компани болон тус эмнэлгийн барилгыг хүлээн авсан комиссыг яаралтай ажиллуулж, цэвэр усны шугамын асуудлыг шийдвэрлүүлэх үүргийг Баянзүрх дүүргийн удирдлагуудад өгсөн юм. Мөн Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганаар энэхүү асуудлыг хойшлуулшгүйгээр хэлэлцэхээр болов.

ШИНЭ МЭДЭЭ