21 их дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарлаа
2022.08.19
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

21 их дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарлаа

Өнөөдрөөс нэр бүхий 21 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож байна.

Засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, 8 сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ.

 
21 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлахаас гадна 24 сургуульд зөрчил дутагдлаа засах 6 сарын хугацаатай үүрэг өглөө. Энэ хугацаанд стандарт шаардлагыг хангаагүй, хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах юм.
Сургуулиудын хөтөлбөрт мөн шалгалт хийж хүчингүй болгож байна. Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд 2564 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байсан бол 908 хөтөлбөрийг хүчингүй болголоо. Ингэснээр 1656 хөтөлбөр хүчин төгөлдөр хэрэгжинэ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Чанаргүй 24 их, дээд сургуулийг хаах эсэх талаар яригдана. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Энэ багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг нээж байна. Харин оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцана гэв.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын жилүүдэд манай улсад 39 мянган инженер техникийн ажилтан шаардлагатай байна. Гэтэл өнгөрсөн таван жилд 14874 энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэжээ. Хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалтын дараа энэ бүх гажуудал засагдах юм.

ШИНЭ МЭДЭЭ