МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Зөрчил гаргасан тохиолдолд эхлээд сануулна
2022.07.29

Зөрчил гаргасан тохиолдолд эхлээд сануулна

Аймгийн засаг даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, Г.Ганболд, Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир нар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, иргэдэд ээлтэй байх хуулийн төсөл боловсруулжээ.

Нэмэлт өөрчлөлтөөр сануулах заалтыг шинээр оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, эхэлж “Сануулаад”, үүний дараа “Торгох” гэсэн зарчмыг баримтлах юм.

Хүний амь нас, нийгэмд үзүүлэх хор нөлөө бага, тэр дор нь залруулах боломжтой зөрчлүүд дээр торгох биш 1 удаа сануулах аж. Жишээлбэл, бүс зүүгээгүй жолоо барих, гудамж талбайд хог хаяхад эхний удаа сануулна гэсэн үг. Өмнөх хуулиар нэг зөрчил дээр давхар шийтгэл ногдуулдаг байсныг нэмэлт өөрчлөлтөөр болиулжээ.

Шинэ хуулиар тухайн иргэнийг торгоод, оноо хасаад, бичиг баримт хураагаад, эрх хасах гэх мэт шийтгэлийг давхар ногдуулахгүй байх нь. Түүнчлэн торгуулиа хугацаанд нь төлбөл торгуулийн дүнг бууруулах заалтьг тусгасан байна. Харин тухайн иргэнд ногдуулсан торгуулийг хуулийн хугацаанд төлөөгүй бол хожимдуулсан хугацаа, хэмжээ, бусад нөхцөл байдлыг харгалзан торгуулийн хэмжээг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр болжээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал

Зөрчлийн хуулийн гол утга нь энэ нийгмийн эд эсийн хувьд ийм ийм үүрэг хүлээж байгаа гэдгээ ойлгох соёлын тухай асуудал. Хүн торгох гэсэн үзэл санаанаас илүү, нийгмийг тэр чигт нь соёлтой, бие биенээ хүндэтгэсэн, амьдарч байгаа орчиндоо аюултай байдал үүсгэхгүй байх төлөвшлийг суулгах, хэрэв тэгж чадаагүй бол тодорхой хэмжээнд хариуцлага хүлээнэ гэдгийг сануулж байгаа хууль юм. Иргэдийн зүгээс зөвхөн торгох гэж хардаг. Авч байгаа арга хэмжээг анхдагч гэж ойлгож болохгүй.

ШИНЭ МЭДЭЭ