МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
2022.07.06
Улстөр

“Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2022.07.06) 11 цаг 16 минутад гишүүдийн ирц 52.6 хувьд хүрснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд даргалж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.

Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 22 гишүүнээс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үеэр олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг нэмэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн.

Иймд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо

ШИНЭ МЭДЭЭ