МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2022.07.05
Эдийн засаг, Худалдаа

“Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.07.05/ хуралдаан 11.04 цагт эхэлж, Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газрын Аудитын дөрөвдүгээр газрын захирал Я.Самбууням танилцуулав.

Тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийлээ.

Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний 91 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 54 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 37 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан.

Аудитад хамрагдсан байгууллагуудаас 47 байгууллагад “Зөрчилгүй”, зургаан байгууллагад “Хязгаарлалттай”, нэг байгууллагад “Сөрөг” дүгнэлт өглөө.

Аудитаар нийт 18.6 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 3.4 тэрбум төгрөгийн 37 алдааг аудитын явцад залруулж, 3.4 тэрбум төгрөгийн 32 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 3.9 тэрбум төгрөгийн 44 зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлж, 7.8 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх 91 зөвлөмж өгч, найман байгууллагад хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлсэн байна.

Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний 54 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 49 байгууллагыг аудитын түүвэрт хамруулан шалгаж, таван байгууллагад “Зөрчилгүй” дүгнэлт өглөө.

Аудитаар нийт 9.2 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 8.5 тэрбум төгрөгийн 3 алдааг залруулж, 0.1 тэрбум төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 0.1 тэрбум төгрөгийн таван зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлж, 0.5 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 13 зөвлөмж өгсөн гэлээ.

Тус байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад тавих дотоод хяналтыг сайжруулах асуудалд анхаарч ажиллах зөвлөмж өгчээ. Мөн Худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх, аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийг хэрэгжилтийг хангуулах, арга хэмжээг авч ажиллахыг анхааруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар цэргийн анги байгууллагуудад өнгөрсөн онд газрын төлбөртэй холбоотой хэдий хэрийн өр, авлага бий болсныг тодруулсан.

Батлан хамгаалах яамны ажлын хэсгээс хариулснаар, 2021 онд газрын төлбөрт 246 сая төгрөгийн төсөв баталсан аж. Харин хэрэгцээ нь 1.9 тэрбум төгрөг бөгөөд үүнтэй холбоотой аудитаар зөрчилтэй гэсэн дүгнэлт гарсан гэлээ.

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, арилжааны банкны санхүүжилтээр төмөр зам барьж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Үүний санхүүжилт хаанаас гарч байгаа вэ. Хэдэн км төмөр зам барихаар гэрээ хийгдсэн, хэд нь баригдаад байгаа вэ. Концессын гэрээгээр гүйцэтгэсэн төсөл, арга хэмжээнд 2021 онд хэчнээн төгрөг төлсөн, 2022, 2023 онд хэдэн төгрөг төлөх вэ гэж асуусан.

Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Чимидсүрэн, 2021 онд концесын гэрээгээр гүйцэтгэсэн таван төслийн 266.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн 2022 онд долоон төслийн 303 тэрбум төгрөгийн санхүүжих дүн төсөвт сууснаас гүйцэтгэл нь 60 гаруй хувьтай байгаа. Ондоо багтаан дуусгах төлөвлөгөөтэй байна. 2023 таван төслийн 216 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэхээр урьдчилсан тооцоо гарсан гэсэн хариулт өгсөн.

Үндэсний аудитын газрын Аудитын дөрөвдүгээр газрын захирал Я.Самбууням,

Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн урьдчилгаа данс хэсэгт “Эрдэнэс таван толгой” хувьцаат компани нь Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтэд 348.8 тэрбум, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын санхүүжилтэд 273.4 тэрбум, Таван толгойн дулааны станцын төсөлд 5.7 тэрбум, Таван толгойн нүүрс ачилт, ложистикийн төвийн санхүүжилтэд 81 тэрбумыг, “Таван толгой төмөр зам” ХХК Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлын урьдчилгаанд 819.7 тэрбум төгрөгийн нүүрсийг гүйцэтгэгчид нийлүүлэн, үүнийг санхүүгийн тайландаа урьдчилгаа төлбөр гэсэн дансанд бүртгэсэн байна. Үүнийг аудитын тайланд бид тусгасан гэсэн хариулт өгсөн.

Эцэст нь Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.

ШИНЭ МЭДЭЭ