МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ерөнхий сайдын мэдээллийг цахим хуудсанд байршуулж, 5 хоногийн хугацаанд иргэдийг асуулт асуух боломжоор хангана
2022.07.05
Улстөр

Ерөнхий сайдын мэдээллийг цахим хуудсанд байршуулж, 5 хоногийн хугацаанд иргэдийг асуулт асуух боломжоор хангана

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаарМонгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. 

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын бүх ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван зургаадугаар зүйлийн 12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;” гэж Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрхүүдийг заасан байдаг.

Иргэд Улсын Их Хурлын гишүүн, хууль санаачлагчид аливаа асуудлыг хэлэлцүүлэх талаар санал, хүсэлтээ хүргүүлдэг ч төрийн үйл хэрэгт шууд оролцох зарчмаар гаргасан санал, хүсэлтийг нь өргөдөл, гомдол хүлээж авч шийдвэрлэх ерөнхий зарчмаар шийдвэрлэсээр ирсэн. Түүнчлэн хууль тогтоох үйл явцад ардчилсан засаглалын үндсэн зарчим болсон ил тод, нээлттэй байдлыг хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, хэлэлцэх, улмаар шийдвэр гаргах түвшинд иргэд, олон нийтийн оролцоог хангаж ажиллах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Иймд “Цахим парламент”-ын үйл ажиллагааг нэвтрүүлэх Улсын Их Хурлын шинэчлэлийн зорилтын хүрээнд хуулийн төсөл боловсруулах, түүнийг хэлэлцүүлэх, санал авах системүүдийн туслалцаатайгаар иргэдтэй хамтран хууль батлах, түүнд зориулсан цахим дэд бүтцийг бүрдүүлэх нь парламентын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хууль тогтоомжийн чанар сайжрах, иргэдийн оролцоотой хуулийн засаглал төлөвшүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар саналаа Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудсаар дамжуулан гаргаж болохоор тусгасан. Тодруулбал, Улсын Их Хурал аливаа шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог хангах зорилгоор албан ёсоор санал авахаар байршуулснаас хойш 30 хоногийн хугацаанд тодорхой асуудлаар Ажлын хэсэг байгуулах саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэд дэмжсэн бол, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70,000 ба түүнээс дээш тооны иргэд дэмжсэн бол, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9.3-т заасны дагуу хуулийн төслийн талаарх саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэд дэмжсэн бол уг саналыг заавал хэлэлцдэг байх зохицуулалтыг оруулсан байна.

Мөн Ерөнхий сайдын мэдээллийн сэдвийн талаар цахим хуудсанд байршуулж, 5 хоногийн хугацаанд тухайн сэдвийн хүрээнд иргэдийг асуулт асуух боломжоор хангахаар тусгажээ

ШИНЭ МЭДЭЭ