2022.06.17
Хууль, эрх зүй
Л.Мөнхбаатар: Амьдрал дээр гарч байгаа шинэ төрлийн хэргүүдийг хуульчлах шаардлага байна
УИХ-ын чуулганы /2022.06.16/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Эрүүгийн хуулийн 22-дугаар зүйл буюу албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой зүйлүүдийн хяналт, шийтгэлийн бодлогод өөрчлөлт оруулах тухай асуудлууд орж ирсэн. Хуучин эрүүгийн хуульд байсан зөрчлийн хуулийн зүйлүүдээ буцааж эрүүгийн хуульд оруулж байгаа юм. Хамгийн чухал зүйл нь нийгмийн харилцаа, амьдрал дээр гараад байгаа шинэ төрлийн хэргүүдийг эрүүгийн хэрэг зүйн хувьд хуульчлах шаардлага байгаа. Энэ үүднээс олон хэргүүдийг оруулж ирсэн. Энэ талаас харвал уг хуулийн төслийг дэмжих нь зүйтэй.
Иргэд олон нийттэй уулзаж байхад хоёр түгээмэл асуудлыг хэлж байсан. Цахим сүлжээгээр бараа зарна гэж их бага хэмжээний мөнгө дансандаа авдаг, бусдын цахим хаягт өмнөөс нь нэвтрээд хүмүүсээс мөнгө авсан асуудлууд маш их гарч байна. Ийм залилангийн шинжтэй асуудлыг одоогийн хуулиар яаж зүйчилж байна. Цаашид энэ зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байгаа юу? Мөн сүлжээ пирамид загвараар мөнгө босгох, бусдын мөнгийг өсгөж өгөх амлалт авах асуудал маш их гарч байна. Манай аймагт гарсан “Бэлтэс Мөрөн” компанитай холбоотой асуудал хяналт шалгалтын ямар түвшинд явж байна вэ?
Шинэ төрлийн гэмт хэрэг гарч байгаа зүйлүүдийг хаахын тулд ямар зохицуулалт оруулахаар төлөвлөж байна. Хэрхэн яаж энэ зохицуулалтыг бий болгох вэ?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.