МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
2022.06.08
Эрүүл мэнд

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримтлан хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн талаар, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Жаргалмаа нар амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгож байгаа нь давхардуулж олгож байгаа эсэх талаар асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Донор болон эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн мэдээлэл бүхий мэдээллийн сан бий. 360 гаруй амьд донороос ямар эрхтэн шилжүүлэн суулгасан, цусны бүлэг, хүлээгдэж буй эрхтний талаар гэх мэт бүхий л мэдээллийг багтаасан. Гэхдээ үүнийг хуульд тусгаж өгөхгүй бол Хууль зүй, дотоод хэргийн яам бүртгэдэггүй. ЭМЯ хянаж явах зохицуулалттай болгохоор хуулийн төсөлд тусгасан гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн С.Чинзориг амьгүй донор даатгуулагч бол нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж олгогдоно, даатгуулагч биш бол тэтгэмж олгогдохгүй бөгөөд нийгмийн халамжийн сан, улсын төсөв хэлэлцэхэд тус зардлыг тусгах шаардлагатай тул Байнгын хорооны санал дүгнэлтэд тэмдэглүүлж саналаа илэрхийлсэн.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг татаж авсанаа мэдэгдсэн юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд зарчмын зөрүүтэй саналыг нэг бүрчлэн хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ