МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Ганхуяг: Хуулийн хугацаанд үндэслэлгүйгээр хариу өгч, татгалзаагүй бол энгийн зөвшөөрлийг олгосонд тооцно
2022.06.03
Уул уурхай, Ашигт малтмал

Х.Ганхуяг: Хуулийн хугацаанд үндэслэлгүйгээр хариу өгч, татгалзаагүй бол энгийн зөвшөөрлийг олгосонд тооцно

 Бизнес эрхлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжид тулгардаг томоохон бэрхшээл бол олон шатны зөвшөөрлийн эрх байдаг. Үүнээс улбаалан хүнд суртал, авилга хээл хахууль “цэцэглэдэг” билээ. Тэгвэл үүнийг хуулиар зохицуулах хүрээнд УИХ-ын /2022.06.02/-ны өдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Тус хуулийн Ажлын хэсгийг ахалж буй Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягаас хуулийн онцлог, зүйл заалтын талаар тодрууллаа. 

Энэхүү хуулийг төслийг боловсруулах үндсэн шаардлага нь юу байв? 

Аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахын тулд олон шатны бичиг баримт, зөвшөөрлийн асуудлаас үүдэн хугацаа алддаг. Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн хүнд суртал нь бизнес эрхлэгчдэд ихээхэн дарамт болж, авлигын эх үндэс болдог байсан. Тухайлбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар 19 чиглэлд 200 гаруй зөвшөөрөл олгохоор заасан хэдий ч өдгөө албан бус тоогоор 1600 гаруй болж нэмэгдсэн. Зөвшөөрлийн тоо нь авлигатай шууд хамааралтай байдаг учраас хуулийн үзэл баримтлал болон зөвшөөрлийн тоог багасгах зайлшгүй шаардлага үүссэн юм. Дээрх асуудлыг цэгцэлж, эрх зүйн орчныг сайжруулах үүднээс УИХ-ын энэ хаврын чуулганы хуралдаанаар "Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл"-ийг хэлэлцлээ.  

Ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн хугацаанд хуулийн төслийг боловсронгуй болгоход хэрхэн ажилласан бэ?

Ажлын хэсэг байгуулагдсан цагаас хойш Бүгд Найрамдах Казахстан улс, Гүрж улсын парламентын гишүүд, холбогдох төрийн байгууллагын төлөөлөлтэй 3 удаагийн санал солилцох, туршлага судлах уулзалт хийж,  Дэлхийн банкны төлөөлөлтэй 4 удаа,  төрийн 27 байгуулагатай 46 удаагийн хурал, уулзалт, хувийн хэвшил, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй 5 удаагийн хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулахын зэрэгцээ дээрх байгууллагын төлөөлөл болон иргэн, аж ахуйн нэгжээс хуулийн төсөлд холбогдуулан гаргасан нийт 550 гаруй саналтай танилцаж, төсөлд холбогдох зарим саналыг тусгасан.

Ажлын хэсэг хуулийн төсөлтэй холбогдуулан гадаад улсын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалтын судалгаа, мэргэжлийн байгууллагатай хамтран төсөлд холбогдох эрсдэлийн үнэлгээг тус тус гарган ажилласан. Ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарын хугацаанд нийт 5 удаа хуралдаж, хуулийн төсөлтэй холбогдуулан гарах саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн.

Хуулийн төсөлтэй танилцах явцад хуулийн төслийн гол гацаа нь юу байсан бэ? 

Ажлын хэсгийн ахлагчийн хувьд өмнө байгуулагдсан ажлын хэсгүүдийн хуралдааны тэмдэглэлтэй танилцах явцад хуулийн төслүүдийг нэгтгэн нэг төсөл боловсруулах ажил нэлээн хүндрэлтэй байсан гэж харагдсан. “Тухайн хоёр хуулийн төслийн үзэл баримтлал өөр бөгөөд зохицуулж байгаа харилцаа нь ялгаатай байсан. УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үйлчлэх хүрээ нь зөвшөөрлийн харилцааг тухайлсан хууль буюу салбар хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэсэн бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үйлчлэх хүрээ нь зөвшөөрлийн харилцааг Зөвшөөрлийн хуульд нийцүүлэн холбогдох хууль буюу салбар хуулиар тогтоож болно гэж тусгасан нь зарчмын зөрүү үүсэх шалтгаан байсан.

Нэгтгэсэн төслийг боловсруулахдаа ямар шалтгаанаар Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд суурилсан бэ? 

Манай Ажлын хэсэг өргөн мэдүүлсэн төслүүдийн үзэл баримтлал, хамрах хүрээ, зохицуулж буй харилцаа мөн зарим гадаад улсын хууль эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилтийг судалсны үндсэн дээр Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд суурилж, тус хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд нэгтгэсэн төслийг боловсруулсан. Харин Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслийн үзэл баримтлал нь зөвшөөрлийн бүхий л харилцааг нэг хайрцганд оруулж, харилцааг нэг л зарчмаар явуулахаар зохицуулсан байсан нь учир дутагдалтай байсныг дурдах хэрэгтэй. 

Аливаа харилцааг нэг хуулиар хатуу зохицуулах нь хэрэгжилт дээр алдаа гарах, хэрэгжихгүй байх нөхцлийг бүрдүүлэх, бусад хууль тогтоомжтой уялдахгүй зөрчилдөх зэрэг олон сөрөг үр дагавар бий болох магадлал өндөртэй байдаг. Зөвшөөрлийн харилцааг нэг зарчмаар зохицуулаад хэрэгжих боломжгүй гэдгийг харуулсан гадны туршага ч байна. Энэ мэт маш олон талаас нь судалгаа, үндэслэл, туршлага зэргийг судалж байж, нэгтгэсэн төслийг боловсруулсан. 

Тэгэхээр нэгтгэсэн төслийн үзэл баримтлал бол тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг Зөвшөөрлийн хуулиар зохицуулна. Энэ үзэл баримтлалын хүрээнд холбогдох зохицуулалтууд туссан гэж хэлж болно.

Зөвшөөрлийг олгох процесс энгийн тодорхой болгоно гэж буй. Үүнийг хэрхэн зохицуулах вэ? 

Зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд ажлын 23 хоногт багтаан зөвшөөрөл олгох, сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Хэрэв хуулийн хугацаанд үндэслэлгүйгээр хариу өгч, татгалзаагүй бол энгийн зөвшөөрлийг олгосонд тооцно. Харин сунгах тохиолдолд бол тусгай, энгийн аль аль зөвшөөрөлд хуулийн хугацаанд хариу өгөөгүй тохиолдолд сунгасанд тооцдог байх зэрэг асуудлыг төсөлд нэмж тусгасан нь хүнд суртал, авилга хээл хахуулыг халах чухал ач холбогдолтой юм. Дээр дурдсанчлан чухал ач холбогдолтой онцлог заалтууд цөөнгүй бий.

Зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд ажлын 23 хоногт багтаан зөвшөөрөл олгоно.

Тэгэхээр зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд хуулийн хугацаанд хариуг өгдөг байх, зөвшөөрөл хүсэгч ч баримт бичгийн бүрдүүлбэрийг үнэн, зөв хуулийн дагуу, хугацаандаа бүрдүүлдэг байх нь аль аль талыг хариуцлагажуулах хөшүүрэг гэж ойлгож болно. Мөн дээрх 23 хоног дотор магадлан шалгах ажиллагаа буюу төрд байгаа нэмэлт мэдээлэл, лавлагаа, дүгнэлт, тодорхойлолт гаргуулах ажиллагаа ч мөн адил багтсан байгаа.

Тусгай зөвшөөрөл авилгын асуудалтай шууд болон шууд бусаар холбогддог. Ямар нэг байдлаар авилга авсан зөвшөөрөл олгогч эрх бүхий албан тушаалтанд хэрхэн хариуцлага тооцох вэ?

 Гүрж улс авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтээрээ 2005 онд 130-д жагсаж байсан бол зөвшөөрлийн харилцааг цахимд шилжүүлснээр 2020 оны байдлаар 45-д жагссан байгаа нь зөвшөөрлийн харилцаа нь авлигын хэрэгтэй шууд утгаараа холбогддогыг харуулж байгаа тод жишээ юм.

Азийн хөгжлийн сангаас гаргасан судалгаанд манай улс уул уурхай хамгийн их авлигатай салбар бол тендер, тусгай зөвшөөрөл олгох ажиллагааны цаана хээл хахууль хамгийн их авдаг гэж нэрлэж байсан. Манай улс авилгы индексийн дүнгээр 2021 онд 35 оноо авч 180 улс орноос 110 дугаар байранд эрэмбэлэгдэж, 1 байраар урагшилсан байна, мэдээж авлигын индексийн үзүүлэлтэд нөлөөлөх хүчин зүйлүүд их байдаг хэдий ч Зөвшөөрлийн хууль батлагдснаар авлигын гэмт хэргийн үзүүлэлтэд тодорхой эерэг үр дүн гарна гэсэн төсөөлөлтэй байна.

 Хариуцлагын хувьд бол зөвшөөрөл ч гэлтгүй авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ, харин Зөвшөөрлийн тухай хуулиар төрийн байгууллага, албан тушаалтан хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрлийн нэр төрлийг шинээр нэмэгдүүлсэн, задалсан, салгасан түүнчлэн зөвшөөрлийг олгосон, эрх шилжүүлсэн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бөгөөд үүсэх үр дагаврыг тухайн шийдвэр гаргасан эрх бүхий этгээд, эсхүл эрх шилжүүлэн авсан этгээд хариуцах зохицуулалтыг тусгасныг онцолмоор байна.

 Энэ хуулиар бизнес эрхлэгчид, ААН-үүдийг дэмжиж байгаа гол зохицуулалт нь юу байх вэ? Тэдэнд маш их хүлээлт үүсэж байгаа. 

Иргэн, ААН тухайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа дуусах огноог анзаараагүйгээс үүдэн сунгахгүй байх тохиолдол гарна. Үүнийг шийдэхийн тулд тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгох, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж үйл ажиллагаагаа явуулсан бол анх олгосон хугацаагаар сунгах, түүнээс гадна татварын өргүй, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулсан бол анх олгосон хугацааг хоёр дахин нэмэгдүүлж сунгах зэрэг зохицуулалтыг хийсэн.

Мөн нэгтгэсэн төсөлд оруулсан чухал зохицуулалтын нэг нь байгалийн баялагийг ашиглахтай холбоотой асуудал байлаа. Тодруулбал, байгалийн баялагтай холбогдох зөвшөөрлийг нэрлэн зааж, тухайн зөвшөөрлүүдийг нээлттэй, ил тод орчинд ижил тэгш өрсөлдөөнийг бий болгох зорилгоор дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтын зарчмаар явуулах зохицуулалтыг шинээр тусгаад байна. Гадаадын улс орнууд эдийн засгийн хөгжлөө дэмжих зорилгоор байгалийн баялаг болон байгалийн хязгаарлагдмал нөөцийг хөгжүүлэх, зохистой ашиглах үүднээс тэдгээртэй холбогдох зөвшөөрлийг шударга өрсөлдөөний аргыг хэрэглэн шийдвэр гаргадаг. Энэ зарчмаар бид ажиллах ёстой.  

 Зөвшөөрлийн харилцааны хамгийн чухал нь ил тод байдлыг хангах явдал. Иймээс зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлыг цахимжуулах уу?

 Төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа ажлын хүрээнд зөвшөөрлийг олгох, сунгах процессын үйл ажиллагааг зөвшөөрөл хүсэгчид цахимаар, нээлттэй ил, тод мэдээлэх зарчмыг баримталж байгаа. Хууль хоорондын давхардал хийдлийг арилгах үүднээс тухайн зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд нэмэлт, мэдээ, лавлагаа, дүгнэлт, тодорхойлолт зэргийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу холбогдох төрийн байгууллагаас гаргуулан авахаар төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл төрд байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаардахгүй гэсэн үг.

Энэхүү хуулийг эцэслэн баталж, хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээр нийгэмд ямар эерэг үр дүн гарах вэ?

 Зөвшөөрлийн тухай хуулийг бодит байдалд нийцүүлэн боловсруулж, хуулийн гажуудлыг арилгаснаар бизнес эрхлэгч иргэн, ААН-үүдэд бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэж, цаашлаад олон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргах, монголдоо ажлын байр нэмэгдүүлж, улс эх орондоо үр ашгаа хүртээх зэрэг олон олон боломжууд бий болно. Мөн зөвшөөрөлд тавигдах нөхцөл, шаардлага, зөвшөөрлийг олгох, сунгах хугацаа, мөн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүйд тооцох, дуусгавар болгох, барьцаалах, бусдад шилжүүлэх зэрэг зохицуулалтууд тухайн салбарын онцлгоос хамаарч өөр өөрөөр нарийвчилан зохицуулсан учир салбар хуулиуд ч чухал үүрэг гүйцэтгэнэ.

Жил гаруй хугацаанд боловсруулсан Зөвшөөрлийн хууль батлагдсанаар хуулийн үйлчлэх хүрээ, зорилго болоод зөвшөөрлийн жагсаалтууд маш тодорхой болж, иргэн ААН-үүдийн бизнес эрхлэх боломж илүү хялбар болох юм. Монгол Улс авлигын индексийн дүнгээр 2021 онд 35 оноо авч 180 улс орноос 110 дугаар байранд эрэмбэлэгдсэн.      Авлигын индексийн үзүүлэлтэд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болох Зөвшөөрлийн хууль батлагдснаар авлигын гэмт хэргийн үзүүлэлтэд тодорхой эерэг үр дүн гарна гэсэн хүлээлттэй байна. 

ШИНЭ МЭДЭЭ