2022.06.02
Хууль, эрх зүй

С.Ганбаатар: Монгол улсад өөрийн үндэсний үнэлгээний стандарт гэж байгаа юу

УИХ-ын чуулганы нэгдсэн  /2022, 06, 02/-ны өдрийн хуралдаанаар "Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Чухал хууль орж ирсэн байна. Нөхөрлөлийн журмаар үнэлгээний ажил хийж болох тухай заасан байна. Англичууд нөхөрлөлийн журмаар хийдэг л дээ. Азийн орнуудад нөхөрлөлийн журмаар хийдэггүй. Бүгд компанийн зохион байгуулалттай байдаг. Яагаад энийг сонгосон юм бэ? Валютын сан зөвлөгөө өгсөн гэж ойлгож байгаа. Үүний гол үндэслэл юу юм бэ?

Үнэлгээний компани үнэлгээнээс өөр ажил хийх боломжгүй зүйл, заалтууд орсон байна. Манай зах зээл дээр үнэлгээ цөөн. Боловсон хүчний нөөц хомс. Ажиллах хүч бага газар төсөл боловсруулах, барилгын төсөв өртөг гэх мэтийн ажлуудыг хийх боломжийг хумьсан байна гэж ойлголоо. Яагаад вэ?

Гэрээт үнэлгээчин яагаад байж болохгүй гэж. Үүнийг хуулиас хассан байна. Мэргэжлийн хүмүүс хамтарч гэрээгээр үйл ажиллагаа гүйцэтгэвэл үр дүнтэй байдаг. Үнэлгээний компаниуд бүх төрлийн хүмүүсийг ажилуулж, цалин хөлс өгөх, татвар хураамж төлөх асуудал боломжгүй. Тэгэхээр гэрээт үнэлгээчин байх боломж бий юу? Яагаад үүнийг хассан юм бэ?

Шүүх цагдаа, Авилгалтай тэмцэх газар, Аудит, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бүгд өөрсдийн шугамаар хөрөнгийн үнэлгээ хийж дампуурлуудыг гаргадаг. Энэ асуудлыг шийдсэн зүйл заалт алга.

Хуулийн 5.2.5-т ашигт малтмалын орд болон байгалийн бусад баялгийг бизнесийн зорилгоор хайх, ашиглах үйл явц хөрөнгөнд учирсан хохирол нөхөн төлбөрийг тооцох гэж заажээ. Үүн дээр яаж хариуцлага тооцох вэ, үр дүн гарах уу? Байгалийн бусад баялаг гэдэг дээр ус, ой, ургамал орох нь зөв үү?

Хуулийн 7.3-т  олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан дүрмийг барина гэсэн. Монгол улсад өөрийн үндэсний үнэлгээний стандарт гэж байгаа юу?

Мөн хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний хөлсөнд хөдөлмөр, хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтооно гэж заасан байгаа. Олон улсын хуулинд ийм заалт байхгүй. Хаанаас үүнийг оруулсан бэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ