МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тариалангийн бүс нутагт малын хөлийн татварыг нэмэх хуулийн төслийг дэмжив
2022.05.19
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Тариалангийн бүс нутагт малын хөлийн татварыг нэмэх хуулийн төслийг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

Манай улсын мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2021 оны жилийн эцэст 67.3 сая толгойд хүрч, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарц нэмэгдэж байгаа хэдий ч бэлчээрийн хүрэлцээ, усны хомстол үүсэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй хавсарснаар газрын доройтол, цөлжилт эрчимжин, улмаар малын ашиг шим, бүтээгдэхүүний гарц буурах шалтгаан болж байгааг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулав.  

УИХ-ын 2020 оны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулах Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталсан. Малын тоо толгойн албан татварын орлогоор бэлчээрийн менежмент, малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамж, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах зарцуулах эрхийг орон нутагт олгож, сум, дүүргийн ИТХ хуульд заасан хязгаарт багтаан татвар тогтоохоор заасан байна.

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.1 дэх хэсэгт “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 2000 төгрөг хүртэл байна” гэж заасан ч татварын хэмжээг үл харгалзан газар тариалангийн бүс нутагт уламжлалт бэлчээрийн мал сүргийн тоо жил бүр өсөж, бэлчээрийн даац хэтэрч байгаа нь тариалангийн талбайн хөрсний үржил шимийг бууруулах, элэгдэл эвдрэл үүсгэх, тариалангийн технологи нэвтрүүлэх боломжийг алдагдуулж байна. Тиймээс 6.1 дэх хэсэгт “хэмжээ нь” гэсний дараа “тариалангийн бүс нутагт 10 000 төгрөг хүртэл, бусад бүс нутагт” гэж нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор, С.Ганбаатар, Г.Тэмүүлэн, Б.Пүрэвдорж, нар асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн  хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ тариалангийн бүс нутагт тогтоох татварын хувь хэмжээний доод хязгаарыг тодорхой тусгах шаардлагатай гэсэн саналтай байлаа. Мөн, "Цаашдаа хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор малын эрүүл мэндийн зарим зардлыг шийдэх асуудлыг тусгах хэрэгтэй байна. Засгийн газар хуулийн төслийн зарлага хэсгийг хөндөж, малын эрүүл мэнд, гоц халдварт өвчний асуудлын санхүүжилтийн асуудлыг шийдэх шаардлагатай" гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, "Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхлалттай энэ цаг үед бэлчээр малын хөлийн татварыг авах зайлшгүй шаардлагатай байгаа онцлоод цаашид хуулийг хэрэгжүүлэхэд малын хөлийн татварыг жигд авахад анхаарах нь зүйтэй. Зарим суманд 500 төгрөгийн татвар төлдөг зарим нь татваргүй байвал бэлчээрийн талхлалтын асуудлаа шийдэх боломжгүйд хүрнэ. Тиймээс  хуулийн төслийн хүрээнд татварын хувь хэмжээний дээд хязгаарыг тавихаас илүүтэй доод хязгаарыг нь тодорхой болгох шаардлагатай байна" гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь дэмжиж, байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

ШИНЭ МЭДЭЭ