2022.05.18
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Батжаргал: Өндөр ашиг шимтэй малын татварыг ялгавартай тогтоох уу

УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2022,05,18/-ны өдрийн хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

Хуулийн гол өөрчлөлт тариалангийн бүс нутагт татварын хэмжээг нэмэгдүүлэх санал орж ирсэн. Гэхдээ зөвхөн тариаланчдынхаа саналыг сонссон. Тэнд байгаа малчдынхаа саналыг сонсоогүй, тэдний саналыг яаж сонсох гэж байна. Тариалангийн бүсээр зарим сумын багийг оруулсан, ИТХ-ынхан тариалангийн бүсэд орсон энэ багийн малд өндөр татвар ногдуулах эрх зүйн зохицуулалт орсон уу. Эрчимжсэн мал аж ахуйг хэрхэн дэмжих гэж байна. Яг адилхан татвар ногдуулах уу?

Уг нь эрчимжсэн малын татвар, бэлчээрийн малын татвараас бага байж иргэд энд анхаарлаа хандуулах боломжтой. Мөн газар тариалангийн бүсээс бэлчээрийн малаа багасгах бодлого барьж байгаа бол асуудалд цогцоор нь хандаж, тэргүүн ээлжид мах бэлтгэлийн ажлыг энэ бүсэд явуулах ёстой. Мөн эрчимжсэн мал аж ахуй, амьтан эрхлэгчдийг дэмжих зорилгоор 3 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй хэдэн тэрбум төгрөг гаргах хэрэгтэй. Тариалангийн зээлийн ажил удаан байна. Үүнийг яаж эрчимжүүлэх вэ. хөдөө аж ахуйг дэмжих санд таваарын улаан будаа, хөлсний улаан будаагаа тушаасан улсуудын авах ёстой мөнгө олгогдоогүй бараг 10 орчим тэрбум төгрөг байна. Нэлээн бухимдал үүслээ, үүнийг шийдэж өгөөч гэсэн хүсэл байна. Энэ асуудлыг яаж шийдэх гэж байна.        

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө.      

ШИНЭ МЭДЭЭ