2022.04.22
Эдийн засаг, Худалдаа

Ж.Батжаргал: Төрийн өмчит ААН-үүдийн үйл ажиллагааны зардал, бүтцийг зөв зохицуулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.22\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 10 хууль, 4 тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Хямралт цаг үеийг эрсдэл багатай давах, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих, урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахад тодорхой арга хэмжээ авч байгаа.

Энэ хүрээнд газар тариалангийн салбар луу гаргаж байгаа зээлийн багц эзэддээ олгогдохгүй байна. Ямар шалтгааны улмаас зээл гарахгүй байна вэ?

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар төрийн бүтэц, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг оруулж ирсэн. Бид төсвийн шинэчлэлийн суурь гэж харж байгаа. Тийм учраас хуулийн үзэл баримтлал, ерөнхий зарчим, шалгуур үзүүлэлтэд төрийн бүтцийг илүү судлах хэрэгцээ байна.

Хувийн болон олон нийтийн байгууллага руу шилжүүлэх замаар төсвийн мөнгийг хэмнэх, бүтцээ зөв болгох боломжтой гэж бодож байна.

Төрийн өмчит ААН-үүдийн асуудлаарх тодорхой шийдвэрийн төслүүд ороод ирчихсэн байна. Эндээс харахад үйл ажиллагааны зардал, бүтцийг зөв зохицуулах хэрэгтэй.

Нэмэлт хувьцаа гаргах замаар уг байгууллагуудын чадамжийг нэмэгдүүлэх тухай асуудал яригдаж байна. Энэ хүрээнд орж ирсэн ААН-үүдийг хараад байхад ашигт үйл ажиллагааны түвшин нэлээн бага. Үүний 34 хувь хүртэлхийг нь үнэт цаас гаргах хэлбэрээр орлогыг нь өсгөнө гэж ярьж байгаа энэ үед хэр зэрэг үнэт цаас нь борлуулагдаж, ААН бэхжих бол. Эл асуудлыг эргэж харах хэрэгтэй.

Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ