МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.21
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Баярсайхан: Хяналт шалгалтын эрхзүйн орчинг боловсронгуй болговол ААН-үүдэд илүү бодитой дэмжлэг болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.21/ хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Төрийн хяналт шалгалт, үйл ажиллагааг түр хугацаагаар буюу бүр гурван жилийн хугацаанд зогсоолоо гээд бизнес эрхлэгч, ААН-үүдэд бодитой дэмжлэг туслалцаа болж чадах уу? Түүний оронд хамгийн ихээр саад болж байгаа төрийн хяналт шалгалтын давхардал, эрх зүйн орчныг нь ойлгомжтой болгох тал дээр ажиллавал илүү их дэмжлэг болох болов уу гэж бодож байна. Гадаадын хөрөнгө оруулалт хийх хамгийн гол үндэслэл нь тухайн улс оронд бизнесийн орчин нь боловсронгуй болсон эсэх, улс төрийн нөхцөл байдал нь тогтвортой байдаг эсэх гэсэн хоёр зүйлийг хамгийн түрүүнд хардаг. Тиймээс төрийн хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоохоос илүүтэй татварын хөнгөлөлт, эсвэл хяналт шалгалтын эрхзүйн орчинг илүү боловсронгуй болгох тал дээр ажиллавал илүү бодитой дэмжлэг болно гэсэн саналыг дэвшүүлж байна.

Асуух 3 асуулт байна. Нэгдүгээрт төрийн хяналт шалгатыг түр хугацаанд зогсоож, хяналтыг сулруулж байх хугацаанд ямар нэгэн эрсдэлүүд гарах юм бол хэн хариуцлага хүлээх вэ? Хохиролыг хэн барагдуулах тал дээр ямар зохицуулалт хийж байгаа вэ?

Хоёрдугаарт үүнийг хийх нийгмийн ёс зүй, хандлагын төлөвшил бүрдсэн гэж та бүхэн харж байна уу?

Гуравдугаарт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 3 жилийн хугацаатай зогсоосноор ямар эрсдэлүүд учирч болох талаар урьдчилсан эрсдэлийн тооцоо хийсэн үү? Тэдгээрт тулгуурлаж эрсдэлийн төлөвлөгөө гарсан уу?

Түүний асуултад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ