Ц.Мөнхцэцэг: Улс төрд хөрөнгө мөнгөний нөлөө их байгаа нь авилгын эх үүсвэр бүрдэх нөхцөл болоод байна
2022.04.14
Эдийн засаг, Худалдаа

Ц.Мөнхцэцэг: Улс төрд хөрөнгө мөнгөний нөлөө их байгаа нь авилгын эх үүсвэр бүрдэх нөхцөл болоод байна

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэх чухал хуулийн төслүүд юу байна вэ?

-Энэ удаагийн хаврын чуулганаар Монгол Улсын нийгэм эдийн засгийн реформын шинжтэй томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Тухайлбал, Боловсролын салбарын багц хуулиудын шинэчлэлийг хийнэ. Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тун удахгүй өргөн барих Улс төрийн намын тухай хууль, Судалгааны их сургуулийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа бол Эрх зүйн сангийн зохицуулалтыг хийх Холбоо сангийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль зэрэг хуулийн ажлын хэсэгт багтаж ажиллаж байна.

Хууль зүйн байнгын хорооноос Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүгэл үлээгчийн тухай хуулийг хэлэлцэнэ. Боловсролын салбарын шинэчлэл, Биеийн тамир, спортын салбарын шинэчлэлийн хууль тогтоомжуудад мөн анхааран ажиллаж байна. Ер нь бол ачаалал ихтэй чуулган болж байна. -Тэгш хүртээмжтэй чанартай боловсролыг бүх нийтэд хүргэхийн тулд юу хийх ёстой вэ. Манай боловсролын тогтолцоо өөрөө энэ үзэл баримтлалын эсрэг байгаа юм биш үү?

-БСШУС байнгын хороо Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн таван чиглэлийн биелэлтийг хэлэлцсэн. Энэ явцад БШУЯ -наас оруулж ирсэн Ерөнхий боловсролын салбар дахь шинэчлэлийн тайлан дээр зарчмын зөрүүтэй, бодлогын алдаатай асуудлууд гарсан байсан.

Тухайлбал, дээр дурдсан хоёр бодлогын баримт бичгийн аль алинд Төрөөс боловсролын салбарт явуулах бодлогыг хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлнэ хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, нийгмийн цөөн хэсэгт давуу тал олгохгүй, Монголын нийт хүүхдүүдэд хүртээмжтэй, бүх нийтийн боловсролд төр түлхүү анхаарна гэсэн агуулгатай заалт. Энэхүү бодлогын баримт бичгүүдэд олон улсын аль нэг хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулж, нэвтрүүлэх гэхээсээ илүү Монгол Улсын Үндэсний боловсролын тогтолцоогоо олон улсын чанарын түвшинд хүргэх зарчмын зорилтуудыг тусгасан.

Тухайлбал, олон улсад өрсөлдөж чадахуйц, үндэсний боловсролын тогтолцоог үе шаттай нэвтрүүлнэ хэмээн УИХ-аас баталсан. Гэтэл БШУЯ энэ зорилтыг Кембрижийн сургалтыг хэрэгжүүлсэн байдал хэмээн ойлгож, үйл ажиллагааны хэрэгжилт дээр зарчмын алдаатай санал оруулж ирсэн. Монгол Улсыг хөгжүүлэх дунд хугацааны стратегийн баримт бичгүүдэд заасны дагуу хэнийг ч алагчлахгүй, хүүхэд бүрд хүртээмжтэй, чанартай боловсролыг нэвтрүүлнэ, Үндэсний боловсролын тогтолцоо багшлах боловсон хүчин, боловсролын хөтөлбөр, сургалтын орчныг сайжруулах ажлыг нэн түрүүнд хийх ёстой. Энэ тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэдэг дээр шүүмжлэлтэй хандсан. Монгол Улсын хувьд боловсролын салбар тэргүүлэх чиглэл байх ёстой.

-Баян чинээлэг айл өрхийн хүүхдүүд чанартай боловсрол эзэмших боломж өндөр байдаг бол эмзэг бүлгийн айл өрхийн хүүхдүүд төдийлөн чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байна. Боловсролын чанарын ялгаатай байдал эргээд нийгмийн тэгш бус байдалд нөлөөлсөөр байна. Энэ тойргоос хэрхэн гарах вэ?

-Боловсрол нийгмийн тэгш бус байдал, ядуурлыг бууруулах гол хэрэгсэл байдаг. Тиймээс НҮБ, олон улсын байгууллагуудын хөгжлийн бүх үзэл баримтлал, стратегит боловсролыг хүн бүрд хүртээмжтэй болгох зорилтыг онцгойлон тавьдаг. Монгол Улсын хүн амын 30 орчим хувь нь оролгын ядууралд өртсөн гэх судалгаа бий. Албан ёсны тоо баримт ийм байгаа боловч ядуурлын хүрээ улам тэлж байна. Хамгийн их эмзэглүүлж байгаа асуудал бол ядуурал, эмзэг байдал нь үе дамжих хандлагатай байна.

Өөрөөр хэлбэл, орлогын ядууралд өртсөн өрх айлын хүүхдүүд бусад төрлийн гачигдал, хомсдолд орох эрсдэлтэй байна. Тухайлбал, ядуу айл өрхийн хүүхдүүдийн 10 орчим хувь их, дээд сургуулийн боловсрол эзэмших боломжтой байна. Энэ бол анхаарал татсан асуудал. Ядуурал байхын хэрээр тухайн айл өрхийн хүүхдүүд чанартай боловсрол эзэмших боломжгүй болчихсон. Өөрөөр хэлбэл, ядуурлын тойрогт орчихсон иргэдийн тоо нэмэгдэж байна.

Харин эсрэгээрээ чанартай боловсрол эзэмших, бага наснаасаа боловсрол эзэмших, удаан хугацаагаар үргэлжлүүлэн суралцах, мэдээллийн технологитой илүү хурдан танилцах боломжтой байна. Тиймээс ядуу болон ядуу бус өрхийн хүүхдүүд хоорондын хүний нөөцийн чадавхын ялгаа улам гүнзгийрч байна. Үүнийг онцгойлон анхаарах шаардлагатай. Бид боловсролын салбартаа онцгойлон анхаарч уул уурхайн баялгаас орж ирсэн баялгийн орлогоос зарцуулах хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүний үр дүнд оролгын ялгаа, ядуурлын хэмжээг бууруулна.

-Тэгвэл нийтээрээ, нийгмээрээ чанартай боловсрол эзэмшсэнээр ядуурлыг бууруулах боломжтой гэж та үзэж байна уу?

Боловсрол тэгш хүртээмжтэй байснаар дэлхий дахинд орлогын хэмжээ, ядуурлыг бууруулах нь ихээхэн үр дүнтэй байдаг нь харагддаг. Боловсролоор дамжуулж, нийтийн сайн сайхныг бий болгож, ил тод, шударга, үл ялгаварласан, тэгш хамруулсан нийгмийг цогцлоох боломжтой байдаг. Хүн бүр чанартай боловсрол эзэмших боломжтой нийгэм эргээд хүний эрхийг эдлүүлэх таатай орчин болдог.

Ялангуяа охид, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмзэг бүлгийн иргэд гэх мэт нийгмийн боломжоос тэгш хүртэж чадахгүй байгаа иргэд боловсролоор дамжуулж хөгжих, өөрийгөө илэрхийлэх боломжтой болдог. Тиймээс олон улсын баримт бичгүүд, тэр дундаа бүх нийтийн боловсролын талаарх Абижаны зарчимд улс орнууд өөрийн харьяалалд байгаа хүн бүрд хүрч болох хамгийн дээд түвшний чанартай, үнэ төлбөргүй, нийтийн боловсролыг аль болох, үр дүнтэй, түргэн шуурхай боломжит бүх нөөцөө дээд зэргээр зориулах ёстой хэмээн заасан байдаг. Тиймээс Монголын төр боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг бий болгох чиглэлээр илүү ажиллах ёстой. Хаврын чуулганаар хэлэлцэх Боловсролын бүх багц хуулиудад энэ үзэл баримтлалыг суулгахын төлөө онцгойлон анхаарч ажиллаж байна.

-Боловсролын салбарын бодлого урт хугацаанд тогтвортой байх талаар хуульд ямар зүйл заалтууд тусгасан бэ. Хэн нэгэн сайд нь гарч ирээд боловсролын тогтолцоог өөрчилж, дур зоргоороо аашилсны горыг хүүхэд, залуучууд хүртэж байна шүү дээ. Хэн нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтэн өөрчлөгдсөн ч боловсролын тогтолцоо, бодлого нь ганхдаггүй байх суурийг нь бэхжүүлж өгч чадаж байна уу?

-Монголын боловсролын салбар, тэр дундаа дээд боловсролын салбар дахь улс төрийн нөлөө өндөр байна. Аль намаас хэн хэн УИХ, Засгийн газрын гишүүнээр сонгогдсоноос үл хамаараад дээд боловсролын удирдлагуудад улс төрийн нөлөөтэй томилгоо оруулдаг байдлыг хязгаарлах ёстой. Энэ өөрчлөлтийг хийж чадвал манай улсын боловсрол академик эрх чөлөөнийхөө хүрээнд мэргэжлийн, хараат бус, сайн удирдлагын менежмэнтийн дагуу явах ёстой. Өнгөрсөн жилүүдэд манай улсын боловсролын тогтолцоо өөрчлөлт шинэчлэлтийг даван туулсан.

Ерөнхий боловсролын хөтөлбөрүүд ойр ойрхон шинэчлэгдсэний улмаас багш нар болоод суралцагчийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж ирсэн. Сургалтын хөтөлбөрүүдийн олон удаагийн өөрчлөлтийн үр дүнд өнөөдөр манай улсын ЕБС-ийн сургалтын агуулга өндөр ачаалалтай, энэ хэмжээгээр багш болоод сурагчдад дарамт ихээхэн учруулдаг. Тухайлбал, судалгаанаас харахад манай улсын ЕБС-ийн есдүгээр ангийн сурагчийн танхимаар судлах хичээл 19 байхад АНУ-д есөн хичээл байгаагаас гурав нь сонгон суралцах хичээл байдаг. Ийм өндөр ачаалалтай байхад тухайн хүүхэд аль нэг хичээлийг сонгон гүнзгийрэх боломжгүй, хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх цаг гардаггүй, багшийн танхимын цаг өндөр байна.

Ачааллын хэмжээ нь дэлхийн түвшнээс хэд дахин өндөр байгаа учраас бид Боловсролын хуулиуддаа сургалтын хөтөлбөрийн агуулгын хувьд олон улсын жишиг рүү ойртуулах, ачааллыг нь тохируулах шаардлагатай. Багшийн ачааллын тухайд багш өдөрт журнал бөглөх, шалгалтын дүн, дэвтэр засах, дараагийн хичээлдээ бэлдэх, даасан ангитайгаа ажиллах гэх мэтээр маш их ачаалалтай ажиллаж байна. Багшийн хийж байгаа ажлын нэр төрөл бүр ч олон байна. Хүүхдүүдээ олимпадад бэлдэх, аймаг дүүргийн засаг дарга, удирдлагуудад илтгэл бичих, тайлан мэдээ гаргах зэрэг нийт 400 гаруй нэр төрлийн ажил хийж байна.

Тэр дундаа бага ангийн багшийн ачаалал өндөр байна. Тиймээс багш, сурагчын ачааллыг багасгах, багшийн ачаалалд нийцсэн цалин хөлс олгох асуудал чухал байна. Цалин хөлсийг Боловсролын хуулиуд дээр тодорхой, хатуу индексээр эсвэл инфляциас үл хамаарч байнга өсөөлттэй байх өөрчлөлтийг хийх шаардлагатай. Багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой үнэлж чадахгүй байна. Үр дүн бүтээмжид суурилсан цалин хөлсний тогтолцоонд шилжих, анги дүүргэлтийг багасгах зэрэг ажлуудыг хийх шаардлагатай байна.

-Улс төрийн намын тухай хуульд орж байгаа чухал заалтууд юу байна. Улс төрийн намуудыг шилэн, ил тод болгох талаар олон жил ярьж байна шүү дээ?

-Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийг хийж чадвал Монголын ардчиллын бэхжилтэд томоохон хувь нэмэр оруулж, шинэчлэл хийж чадна. Анх 1990 онд Улс төрийн намын тухай хуулийг анх баталж, 2005 онд дахин шинэчлэн баталсан. Үүнээс хойш тус хуульд шинэчлэлт хийгдээгүй. Энэ хугацаанд намын санхүүжилтийн орчин бүрхэг зохицуулалттай явж ирсэн.

Сонгууль болон улс төрийн үйл явцад хөрөнгө мөнгөний эх үүсвэр далд, намын санхүүжилтээ ил тод болгодоггүйн улмаас нэлээд олон нам, нэр дэвшигчид хуулиар заасан дээд хэмжээнээс илүү мөнгө сонгуульд зарцуулдаг, намуудын санхүүгийн тайлан болон түүнтэй холбогдсон зөрчилд тавих хариуцлагын механизм байхгүй зэргээс үүдэн Монголын улс төрд хөрөнгө мөнгөний нөлөө их байгаа нь авлигын эх үүсвэр бүрдэх нэг томоохон нөхцөл болчихоод байна. Гэтэл ардчилсан нийгэмд сонгууль, улс төр бодлогын өрсөлдөөн бах ёстой. Ил тод, нээлттэй байж хэн нэгэн хөрөнгө мөнгөтэй этгээдэд давуу байдал үүсгэж, төрийн нөөцийг хувьдаа завших боломжийг олгох ёсгүй байдаг.

Тиймээс бид улс төрийн намын тухай хуулийн хамгийн том хэсэг санхүүжилтийг хамрах ёстой хэмээн үзэж байгаа. Санхүүжилт нь ил тод, хариуцлагатай болж, хувийн эх үүсвэр, хувийн хандив, ААН-үүдийн хандивыг хязгаарлах шаардлагатай байна. Хэрэв улс төрийн намууд санжүүжилттэй холбоотойгоор ямар нэгэн алдаа зөрчил гаргасан бол хариуцлага хүлээдэг, тухайн намын эрх зүйн статусыг бууруулдаг, хэрэв энэ зөрчил нь даамжирч, ноцтой зөрчил гаргасан бол татан буулгах зэрэг эдгээр зохицуулалтыг хийх шаардлагатай байна.

-Улс төрийн намуудыг бохир мөнгөнөөс ангид байлгах боломж байна уу?

Улс төрийн намуудыг авлига бохир мөнгөнөөс ангид байлгахын тулд санхүүжилтийг ил тод байлгахаас гадна төсвөөс олгох дэмжлэгийн зориулалтыг зааж өгөх ёстой. Тухайлбал, төрөөс олгож байгаа санхүүжилтийн тодорхой хувийг залуучууд, ахмад, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн эрх ашгийг илэрхийлэх, тэдгээрийг төлөөлөхөд зориулах юм. Олон улсын байгууллагууд, манай мэргэжлийн экспертүүд энэ тал дээр зөвлөмж өгч байна.

-Улс төрийн намуудыг мөнгөний биш, бодлогын нам болгохын тулд ямар зохицуулалт хийх вэ?

-Намуудыг бодлогын институт болгож өөрчлөх шаардлага байна. Монгол Улсад дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байгаа ч ихэнх нь сонгуулийн үед л идэвхтэй ажиллаж байна. Нэг компани юмуу, нэг хувь хүнээс шууд хамааралтай байна. Намд элсэх гэж байгаа иргэдийн сонирхол бол албан тушаалд хүрэх, эсвэл намаар дамжиж ямар нэгэн давуу тал өөртөө бий болгох гэж л элсэж байна.

Түүнээс биш тухайн намын үзэл баримтлал, үнэт зүйлийг дэмжсэний улмаас элсэх явдал хязгаарлагдмал байна. Монголын улс төрд улс төрийн намаар дамжин ашиг хонжоо олох, нам өөрийг нь дэмжсэн хүмүүст давуу тал олгох гэсэн бизнесийн эрх ашгийн зөрчил түгээмэл болоод байна. Иргэдийн дунд нам гэдэг бол нийлж хуйвалдах эсвэл албан тушаал олж авах гэсэн хүмүүсийн бүлэглэл гэсэн ойлголт бий болсноос намд итгэх итгэл буурсан.

Гэтэл ардчилсан нийгмийн гол улс төрийн бодлого боловсруулах институт нь улс төрийн нам байдаг. Улс төрийн намууд ардчиллын үндсэн зарчмуудын дагуу нээлттэй үйл ажиллагаатай, гишүүд дэмжигчид нь тэдний үнэт зүйл, үзэл баримтлалыг дэмжихээр заасан байдаг. Тиймээс энэ чиглэлийн өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байна. Намын тогтолцоогоо өөрчилж, чадах юм бол манай улсын авлигын индекс буурна. Ардчиллын үзүүлэлтүүдэд ахиц гарна. Улс төрийн намыг хэн нэгэн хөрөнгө чинээтэй этгээдээс хараат бус байлгаж, бодлогын шинэчлэл яригддаг, иргэд, залуучууд улс төрийн намыг үзэл баримтлал, үнэт зүйлийнх нь хувьд дэмжиж элсдэг болгох ёстой. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улс төрийн намууд үндэсний хэмжээний бодлогын өрсөлдөөн явуулдаг институт болох ёстой.

Тиймээс улс төрийн намууд бодлогын нам болохын тулд Намын тухай хуулиар намын бодлогын үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгомоор байна. Намуудад нийгмийн өмнө хариуцлага хүлээлгэж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд татан буулгадаг ийм шинэчлэлүүдийг оруулах шаардлагатай.Өнөөдөр Улс төрийн тогтолцооны тухайд зөвхөн УИХ-д суудалтай намуудыг дэмжсэн буюу тодорхой санхүүжилт олгож ирсэн. Тэгвэл цаашид улс төрийн намуудыг төлөвшүүлэх үүднээс УИХ-д суудалтай төдийгүй, УИХ-ын сонгуулиар иргэдийн тодорхой хувийг авсан намуудад бодлогын институт болоход дэмжлэг үзүүлэх зүйл байхгүй.

-Улс төрийн намуудыг татан буулгах асуудал хэрхэн тусгагдсан бэ?

-Парламентын ардчиллын гол шинж бол улс төрийн намууд бодлогын институт байж, бодлогын өрсөлдөөнөөр парламентдаа сонгогдон орж ирдэг байх. Энэ явцдаа аль болох олон нийгмийн өнгө төрх, төлөөллийг тэгш хамруулж байвал ардчилал илүү үр дүнтэй байдаг. Тиймээс УИХ-ын төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, улс төрийн намуудад тэгш өрсөлдөөний боломж олгох зэрэг тодорхой шинэчлэлүүд орж байна.

Хэдийгээр манайд улс төрийн 35 нам бүртгэлтэй байгаа ч УИХ-д хэдхэн нам суудал авч байна. Нам оршин тогтнохын тулд сонгуульд оролцсон байх ёстой. Иргэдийн дунд манайд хэт олон нам байна гэх шүүмжлэл байдаг.Нам иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн гол илрэл учраас хэдэн нам байх нь онолын болон эрх зүйн хувьд нээлттэй. Гагцхүү тухайн намууд нийгэмд үүргээ хэрхэн гүйцэтгэж байна, иргэдийн итгэлийг дааж байна уу, бодлогын институц болж төлөвшиж байгаа эсэхээс хамаарна. Европын туршлагаас харахад намууд иргэдийн итгэл даахгүй, эсвэл хэд хэдэн удаагийн сонгуульд оролцоогүй тохиолдолд, мөн улс орны Үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан тохиолдолд намыг татан буулгах хүртэл арга хэмжээ авах механизм бий. Тиймээс энэ зүйл заалтыг оруулах нь зүйтэй.

ШИНЭ МЭДЭЭ