МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.07
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Д.Сарангэрэл: Ойн агентлаг зохистой хэрэглээний хяналтад анхаарах нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар "Ойн тухай" хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Өнөөдрийн оруулж ирж буй хуулийн төслийг дэмжиж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам ойн асуудлыг бие дааж, зохион байгуулах агентлаг байгуулъя гэсэн санал гаргаж байгааг бүрэн дүүрэн дэмжиж байна. Манай улсын 1,565,000 км хавтгай дөрвөлжин газар нутгийн 7,9%-ийг л ой эзэлж байна. Энэ асуудлыг эдийн засгийн ач холбогдол талаас нь мөн харах хэрэгтэй. Бид байгаль орчноо хамгаална, зөв зохистой ашиглана, нөхөн сэргээнэ гэдэг том бодлого ярьж байгаа. Гэхдээ зохистой хэрэглээ, зохистой ашиглах талаас давхар анхаарах хэрэгтэй. Миний хувьд олон улсын байгууллагуудтай хамтарч хангайн нутаг, ойгоор газар дээр нь явж байсан. Ойн цэвэрлэгээ гэдэг их чухал ажил байдаг. Түүнийг манайхан ой модоо устгаж байна гэж нэг талаас шүүмжилдэг. Гэхдээ нөгөө талаас бас ой цэвэрлэж байна гэдэг далимаар залуу мод унагаж буй асуудал гардаг. Тийм учраас энэ агентлаг, яамны гол үүрэг бол Зохистой хэрэглээний хяналт гэж маш чухал зүйл байна. Тэгэхээр агентлаг, яамыг хяналтдаа маш сайн анхаарал тавихыг хүсч байна. Хэрвээ ойн цэвэрлэгээ явагдахгүй бол унанги гишүү мөчир нь шинээр ургах модонд саад, тотгор болдог.

Манай улсын 76,9% нь ямар нэгэн хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэдэг тоо байдаг. Яамны сайдыг энэ үнэлгээг шинээр хийх цаг болсон гэж бодож байна. Хоёр жил тутамд хийх ёстой байдаг. Үүнийг хийхийн ач холбогдол бол бид байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд төрийн бодлого ямар байх вэ гэдгийг тодорхойлох судалгааны материал болдог учраас энэ тайлан маш чухал ач холбогдолтой.

Дэлхийн дулаарал сүүлийн 100 жилд 1 градусаар нэмэгдсэн байхад манай улс 2,25 градусаар нэмэгдсэн. Нэг градусаас дээш болох юм бол гамшиг гэж дэлхий нийт үздэг. Тэгэхээр Монгол улс гамшиг руу орчихсон. Тийм учраас энэхүү ойтой холбоотой асуудал, цаг агаарын дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд модны ач холбогдол асар их.

Мөн эдгээр ажлыг хийж гүйцэтгэхэд хүний нөөцийн асуудал маш чухал. Тиймээс хүний нөөцийн асуудлуудаа авч үзэж, цогцоор нь шийдвэрлэж байж өмнөө тавьсан зорилгодоо хүрнэ гэж бодож байна, амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ