2022.04.07
Эдийн засаг, Худалдаа
Д.Батлут: Чөлөөт бүс байгуулах бэлтгэл ажил хангалтгүй байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар "Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай хуульд 2015 онд өөрчлөлт орж байсан. Үүнээс хойш 7 жил боллоо. Энэ хугацаанд татварын тогтолцоо, банк санхүүгийн үйл ажиллагаа гэх мэтчилэн бүх зүйл өөрчлөгдсөн. Гэтэл бид 2015 оны хуулийн хүрээнд чөлөөт бүс байгуулах тухай асуудал ярьж байна. Өмнө нь Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсийг байгуулсан. Өнөөдөр тэнд татвараас чөлөөлөгдсөн хэдхэн ААН үйл ажиллагаа явуулж байна.
Чөлөөт бүс байгуулах гэж яарахаас илүүтэй хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох, одоогийн цаг үетэй тохируулах боломжийг хайх нь үр дүнтэй гэж харж байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
Чөлөөт бүс байгуулах газрыг хувь хүний эзэмшилд авсан гэх сураг гарсан. Тэрхүү газруудыг төрд худалдаж авна гэж ярьж байсан. Газар байхгүй бол чөлөөт бүс байгуулах боломжгүй. Тиймээс газрыг чөлөөлөх ажлууд хийгдсэн үү, цаашид ямар гарц гаргалгаа байгаа вэ?
Хөрөнгө оруулалтыг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр ямар ямар ажлууд хийгдэх, хувийн хэвшлийн хөрөнгөөр ямар бүтээн байгуулалт хийх эсэх нь маш тодорхой байх хэрэгтэй. Үүнийгээ дагаад дэд бүтэц нь мөн нарийн зохион байгуулалттай байх шаардлагатай. Хөрөнгө оруулалтын ямар төсөөлөлтэй байгаа вэ?
Түүний асуултад Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт хариуллаа.