2022.03.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ж.Батжаргал: Зарим төрийн хяналт, шалгалтыг “зогсооно” гэдэг үг тохиромжгүй байна

УИХ-ын чуулганы /2022.03.24/-ны хуралдаанаар "Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Төрийн зарим хяналт, шалгалтыг зогсоох тухай хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хүрээнд судалж үзсэн. Бид энэ амаргүй цаг үед төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийг хязгаарлаж байгаа хүчин зүйлсийг бууруулах, оновчтой боловсронгуй болгох асуудлыг хийх ёстой, тиймээс дэмжиж байна.

Бизнесийн буюу баялаг бүтээгчдэд очдог төрийн хяналт, шалгалт, дарамтыг бууруулах нь зөв. Гэхдээ “зогсооно” гэдэг үг оновчгүй санагдаж байна. Нийгэм үүнийг юу гэж хүлээж авах талаар бодож үзсэн үү? Та бүхэн төрийн байгууллагууд давхардаж бизнесийн байгууллагуудад хяналт, шалгалт хийж байна гэж ярьж байна. Тэгвэл хуулиндаа тэр давхардуулаад байгаа заалтаа л зохицуулчих. Нэг жилд заавал төлөвлөгөөт хяналт, шалгалт хийхээр хуулинд заалт байгаа гэдгийгээ гурван жилд нэг хийх гэх мэт зохицуулалт хийх хэрэгтэй. Заавал хяналт, шалгалтын үйл ажиллагааг “зогсооно” гэж хийх нь ямар учиртай вэ? Үр дагавараа хэрхэн тооцож байгаа вэ?

Мөн хяналтын байгууллагууд зөвлөн туслах чиглэлийн үйлчилгээ стандарт хангуулахад чиглэгдсэн арга зүйн зөвлөмжөө нэмэгдүүлэх асуудлаа энэ хуулиндаа найруулгаар нь оруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол гурван жилийн дараа үндэсний гэсэн стандарт, баталгаажилт зэрэг алдагдсан цаг үетэй нүүр тулах дүр зураг харагдаж байна. Төлөвлөгөөт хяналт шалгалттай, өргөдөл гомдлын хяналт шалгалттай, төлөвлөгөөт бус хяналт шалгалттай байхад л шалгалтыг үймүүлж байгаа хүмүүс гурван жил хяналт, шалгалт хийхгүй гээд зарлачихаар тэдгээр хүмүүс ямар сэтгэхүйгээр үйл ажиллагаа эрхлэх бол? Тиймээс бид зөв гарц гаргалгааг олж харж хийх ёстой.

Түүний асуултад УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ