2022.03.17
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.17\ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Байгаль орчны нөлөөллийн талаар иргэний мэдэх эрхийг баталгаажуулж өгсөн. Үүнийг маш авууштай сайн зүйл гэж харж байгаа. Гэхдээ хууль гарлаа гээд хууль хэрэгжилтийг хангах тал дээр учир дутагдалтай ажилладаг. Нэг ёсондоо хуулийг хэрэгжүүлдэг байгууллагууд үйл ажиллагаагаа сайн зохион байгуулдаггүй. Түүнээс нь болж хууль амьдрал дээр хэрэгждэггүй асуудлууд гарч байна. Үүнд нөлөөлж буй бас нэг хүчин зүйл нь иргэдийн оролцоо байдаггүй. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр ямар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?
Хоёрдугаарт энэ хуулийн төсөлтэй холбоотой тандалт судалгааны тайлан, зардлын тайланг үзлээ. Тэгэхээр тухайн Засаг даргын тамгын газарт шинээр орон тоо үүсгэхгүй, өөрөөр хэлбэл хүний нөөцийн шаардлага 0,18 буюу шинэ орон тоо үүсгэх шаардлагагүй гэж үзсэн нь төсөвт нэгж зардал үүсгэхгүй, гэхдээ эдийн засгийн өсөлт болон ажил эрхлэлтийн байдалд эерэг нөлөө үзүүлнэ гэсэн байна. Эдийн засаг болон ажил эрхлэлтэд үзүүлж буй эерэг нөлөөлөл гэж юуг ойлгоод байгаа талаар тайлбар өгнө үү. Мөн эдийн засгийн үзүүлэх нөлөөлөх хүснэгтийн 4.2-т Төрийн байгууллагуудын үүрэг, үйл ажиллагаанд нөлөөлөх эсэх гэдэгт төрийн байгууллагын ачаалал хөнгөрч, тавих хяналт сайжирна гэсэн байна. Ачаалал нь хэдэн хувиар хөнгөрөх вэ? Иргэдийн хяналт тавих механизмыг энэ хуулийн төслөөр бататгаж өгснөөрөө төрийн хяналт шалгалт, ачаалалд эерэг үр дүн гарч байгаа гэж ойлгож болох уу?
Гуравдугаарт байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах асуудал маш чухал шаардлагатай гэж харж байна. Ой модыг сийрүүлэх тал дээр учир дутагдалтай ажиллаж байна. Нэг метр квадрат газарт хичнээн зулзаган мод ургаж байгаа бол? Сийрүүлэлт хийхгүйгээс хэд нь үхэж, хэд нь амьдрах чадвартай болж байгаа вэ? Энэ тал дээр хууль эрх зүйн зохицуулалтуудыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгаа. Технологийн дагуу сийрүүлэлт хийдэг, үүрэг хариуцлагыг тодорхой хууль эрх зүйн санкци болгож суулгаж өгөх шаардлагатай. Энэ тал дээр шинэ сайд хэрхэн ажиллаж байгаа вэ? Хэрвээ энэ зохицуулалтуудыг бодитойгоор хийж өгч чадвал цаашлаад Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих төсөл ч мөн илүү амжилттай хэрэгжих боломж бололцоонд чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байна.
Дөрөвдүгээрт Орхон аймгийн Эрдэнэт хотод нэлээн асуудал дагуулсан асуудал бий. Уул уурхай дагасан хот учраас цагаан тоосны асуудал, Хангалын голын бохирдолтой холбоотой асуудал. Энэ нь иргэдийн байгаль орчны аюулгүй байдалд маш их сөрөг нөлөө үзүүлж байгаа. Олон жил энэ асуудлуудыг ярьж, олон хүмүүс энэ асуудлыг хөөцөлдөж олон шийдэл гарсан боловч өнөөдөр төдийлөн үр дүн гараагүй байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ төлөвлөж байгаа вэ?
Түүний асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариуллаа.