МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.03.17
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Д.Сарангэрэл: БОАЖЯ цаашдаа Экологийн цагдаагийн албатай хамтарч ажиллах шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.17\ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: 

Үндсэн хуульд нийцүүлэн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангахтай холбоотой заалтад БОАЖЯ мэдээллүүдээ тодорхой бэлдчихвэл зүгээр гэж бодож байна. Тухайлбал газар доорх баялгийг ашигласнаар байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн талаар мэдээлэл авлаа гээд өөр юу өөрчлөгдөх вэ? Ер нь ийм хуулийн заалттай болсноороо ямар дэвшил гарах талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөх нь зүйтэй гэж бодож байна.

Хоёрдугаарт нөхөн сэргээлтийн асуудал дээр БОАЖЯ анхаарч ажиллаж байгаа. Олон жилийн турш хуримтлагдсан 30,000 га газрын нөхөн сэргээлтийн ажлууд байгаа. Экологийн цагдаагийн алба байгуулагдаад хоёр жил болж байна. Энэ алба бол яамд маш их тус дэм болно. Бүр тодорхой санаачлага гаргаад, тодорхой газруудыг нөхөн сэргээх ажлыг бие дааж хийе гэдэг хүртэл санаачлага гаргасан. Экологийн цагдаагийн байгууллагын энэ санал санаачлагыг хүлээж авах нь зүйтэй гэж тухайн үед ажиллаж байхдаа би бодож байсан. БОАЖЯ-ны сайд та энэ чиглэлд анхаарч ажиллавал зүгээр гэж бодож байна.

Гуравдугаарт байгаль хамгаалагчид, цаг уурчдын ажиллах орчин, авч байгаа цалин хүнд байгаа. Үүнийг сайд гэхээсээ илүүтэй УИХ-ын гишүүд төсөв хэлэлцэх үедээ анхаарах ёстой. Байгаль орчны салбарт хөрөнгө оруулалт бага хийгддэг. Олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрт дулдуйдаж ажиллаж байна. Тэдгээр төслүүд ямар хүсэлт тавьдаг вэ гэхээр Монголын тал өөрөөс хамаарах хувь хэмжээгээ оруулаач гэдэг. Үүнд хангалтгүй гэсэн үнэлгээ аваад байдаг. Гэтэл гадны Засгийн газар, улс орнууд Монгол Улсын байгаль орчныг хамгаалъя гээд байхад бид тодорхой санхүүжилтээ харамлаад сууж байдаг. Тиймээс байгаль орчин, аялал жуулчлалынхаа салбарт парламент дэмжлэг үзүүлэх боломжтой гэж бодож байна.

Дөрөвдүгээрт цалин мөнгөний асуудалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүйтэн хөндий ханддаг. Би БОАЖЯ-ны сайдаар хагас жил ажиллах хугацаандаа БОАЖЯ-наас тайлбар хэлж, хоёр удаа цалин нэмэгдүүлэх асуудлыг оруулсан. Байгаль хамгаалагчдыг боловсрол дутуу хүмүүс гэж ойлгодог ташаа ойлголтыг засах үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тайлбар хэлсэн байгаа. Сургууль төгссөн, мэдлэг боловсролтой залуу хүмүүс байгаль орчноо хамгаалах ажлыг хийж байна. Тиймээс цалин нэмэх асуудал, хувцас тусгай хэрэгслийн асуудал, унааны асуудал зэрэг цогц шийдвэрлэх асуудал байгааг анхаарч ажиллахыг хүсч байна.

БОАЖЯ цаашдаа Экологийн цагдаагийн албатай хамтарч ажиллах болон цалин мөнгөний асуудал дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай тулж ажиллах шаардлага байна.

ШИНЭ МЭДЭЭ