МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.06
Улстөр

Ё.Баатарбилэг: Мэргэжлийн холбоодыг улс төрчид даргалж, улс төржүүлдэг

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.06\ нэгдсэн хуралдаанаар Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Хуулийн төсөлтэй холбогдуулан хоёр, гурав зүйл тодруулая. Засгийн газраас өргөн барьсан төрийн бус байгууллагуудыг цэгцлэхээр өргөн барьсан энэ хууль бол чухал хууль. ТББ, мэргэжлийн, ашгийн бус гээд маш олон холбоод бий. Эдгээр холбоодыг улс төрчид, төрийн захиргааны албан хаагчид даргалдаг асуудлын зохицуулалт орж ирж байгаа юу? Маш их хэл ам гардаг.

Тодорхой мэргэжлийн холбоодыг улс төрчид даргалж, сүүлдээ улс төржүүлдэг. Спорт, урлагийн холбоод байна. энэ асуудалд ямархуу зохицуулалт орж ирж байна вэ? Холбоодыг чиглэлийн хүн нь хариуцаж, улс төрчид нь улс төрөө хийж, төрийн захиргааны хүмүүс нь төрийн албаныхаа ажлыг олигтойхон шиг хийгээд явбал амар.

Хоёрдугаарт, зарим салбарын мэргэжлийн холбоод нь тухайн салбарынхаа мэргэжлийн шалгалт авдаг, тусгай зөвшөөрөл өгдөг. Автозамчдын холбоо, хуульчдын холбоо гээд бие даасан, үйл ажиллагаа нь жигдэрсэн холбоод байна. Зарим нь яг төрийн байгууллага дээрээ эрхээ хадгалаад байх санаатай яваад байна. Үүнийг зохицуулалт яаж орж ирж байна вэ? Салбар бүрт зөвшөөрөл лиценз олгодог, салбарынхаа шалгалтыг авдаг байгааг жигдлэх боломж байна уу?

Гуравдугаарт, гадаадын хөрөнгө оруулалт авдаг холбоод байх шиг байна. ялангуяа нийгмийн чиглэлийн хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх, хүүхэд хамгаалал гэхчилэн нийгмийн сайн сайхны төлөө гэсэн чиглэлийн гадаадын хөрөнгө оруулалт гэх үү, гаднаас санхүүждэг холбоод, яг гадны байгууллагын салбар болж байгуулагдсан 2 янзын зүйлийг яаж зохицуулж байна вэ?

Орж ирж буй хөрөнгө санхүү нь ямар байна? нэг хүн нэлээн хэдэн ТББ байгуулчихсан, ТББ байгуулж бизнес хийдэг нь хүртэл анзаарагддаг.

Үнэхээр энэ ТББ, холбоодууд замаа алдчихсан байгаа нь саяны дүгнэлтэээс харагдаж байна. Нийт 140 хууль дагаж өөрчлөгдөж байна гэхээр ТББ-ын бүртгэл үнэхээр задаа алдчихсан байж. Одоо хуулиараа хумигдаад сан нь сангаараа, холбоод нь холбоогоороо явах нь. Үүний зааг ялгааг тодорхой хэлээд өгөөч гэж хүсч байна.

Түүний асуултад ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ