МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.30
Эрүүл мэнд

Д.Өнөрболор: Манай улсад коронавирусний ямар хувилбар давамгайлж байгаа вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. 

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Коронавирусын цар тахал хүрээгээ тэлсээр байна. 222 оронд 284 сая хүн тохиолдол бүртгэгдэж, 5 сая гаруй хүн нас барсан харамсалтай явдал болж байна.Тэр дундаа омикрон хувилбар бол дельта хувилбараас 70 дахин хурдацтай тарж, омикроны цунами дэгдэх өндөр эрсдэлтэй байна. Омикрон хувилбараас үүдэлтэй эрсдэл маш өндөр хэвээр байна гэдгийг ДЭМБ байнга мэдээлж байна. Хамгийн түвэгтэй нь, Эрүүл мэндийн сайд үүнд анхаарна биз. Дэлхийн мэдээллээс авсан мэргэжлийн хүн биш учраас 37 мутацитай омикрон B1-1-529 гэсэн  хувилбар цаашид ВА-1, ВА-2 гэх мэт дэд бүлэг бүрэлдэхүүнд хуваагдаж хүний дархлааны хариу урвал, эсрэгбиед баригддаггүй асуудал байна. Хоёр төрлийн вакцины 4 тун авсан хүн омикроны халдвар авсн тохиолдол гарсан.

Тиймээс омикрон хувилбараас хамгаалсан вакцин хараахан боловсрогдоогүй байна. Энэ мэдээллээс авч үзвэл вакцин гарахад дор хаяж 10 сарын хугацаа шаардагдана гэж байна. Омикрон хувилбарыг оношлоход маш түвэгтэй учраас жирийн био аюулгүйн хоёрдугаар зэрэглэлийн лабораторид оношлох боломжгүй байдаг юм байна.

Манай улсад энэ хувилбаруудын чухам аль нь давамгайлж байгаа юм бэ гэдэгт тодорхой ойлголтыг ард иргэддээ өгмөөр байна. Зөвхөн Ковид-19-ийн тохиолдол илэрсэн, эдгэрсэн гэдгээс хэтрэхгүй байгаа нь молекулын түвшинд удамзүйн гарвалаар нь оношлох техник болон хүний нөөцийн чадавх манайд байна уу гэж асуумаар байна.

Яагаад гэвэл коронавирусийн яг энэ омикроны оношлогоог зөвхөн гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн лабораторид явуулдаг байна. Монгол улсад энэ талаар ямар боломжууд хангагдсан бэ?

Био аюулгүйн гуравдугаар лаборатори шатсан гэж би ойлгосон. Энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

Д.Өнөрболор гишүүний асуултад ЭМ-ийн сайд С.Энхболд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ