2021.12.24
Эрүүл мэнд

С.Ганбаатар: Шуурхай нөхцөл байдлуудыг гамшгийн тухай хуулиараа шийдэж болно гэж үзэж байгаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Засгийн газар үнэхээр чармайж хичээж ажилласан. Шадар сайд С.Амарсайхан, Онцгой байдал, ЭМЯ холбогдох газрууд хичээнгүйлж ажилласныг бүгд мэднэ. Харин шуурхай гэдэг нэрийн дор  ямар ч хуульгүй байж болохгүй. Хуульгүй дор хулгай, мэдлэггүй дор боол гэж үг бий. Төсвийн хууль, томилгоо, эрүүл мэндийн тоног төхөөрөмж янз бүрийн тендерийн дор шуурхай гэсэн нэрийн дор хууль үйлчлэхгүй байж болохгүй гэж би хэлээд байгаа. Шуурхай байж болно, тэгвэл гамшгийн тухай хуулиудаараа зохицуулах боломжтой. Өнөөдөр олон улсад англид ковидыг ашиглаж төсвийн хулгай их гарлаа гэж шуугиж байгаа. Манайд бол олон ихнаядын тайланг чуулганд яаж авах вэ гэдгээ би байнга ярьж байгаа.

Үндсэн хуулийн 19.2-ийг зөрчиж байна гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн цэцэд хандахаас өөр аргагүй байдал үүсээд байгаа шүү. Энэ нь онц байдал, дайны байдалтай байх үеийн хуулийн зүйл заалтуудыг хэрэглэх ёстой байсан. Тэгтэл 2 жил дайн болоогүй. Гамшгийн байдалд байж болно. Үүнд шуурхай нөхцөл байдлуудыг гамшгийн тусгай хуулиудаараа шийдэж болно гэж бид үзэж байгаа.

Хоёрдугаарт, өнөөдөр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний асуудлыг төсвийн хууль ярьж байхад би хэлж байсан. Эрүүл мэндийн салбарын хэлэлцээрийг яаралтай хийж ковидын нөхцөл байдалд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин, нөхцөл, хангамжийн асуудлуудыг салбарын хэлэлцээрээрээ хэлэлцэх ёстой болохоос биш туслаж дэмждэг асуудал биш.

Салбарын хэлэлцээрээр цалин 20 хувь нэмэгдэнэ гэсэн. Өнөөдөр хүртэл тэр явагдахгүй байна. Шинэ хөдөлмөрийн хууль 2022.01.01-нээс эхэлнэ. Тэрний бэлтгэл ажил явц, үр дүнгийн талаар ямар ч мэдээлэлгүй байгаа.

Тэгэхээр эрүүл мэндийн салбар болон ковидын нөхцөл байдалтай холбогдуулж ажиллаж байгаа олон ажилтнуудын нийгмийн асуудлыг шинэ шатанд гаргахад салбарын хэлэлцээрүүдийн бэлтгэл ажлыг хангах ёстой гэсэн байр суурийг илэрхийлмээр байна.

ШИНЭ МЭДЭЭ