Д.Ихбаяр: Сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан
2021.11.30
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Д.Ихбаяр: Сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Нийслэлд 4-5 км явж байж автобусанд суудаг иргэд цөөнгүй байна. Автобусны эцсийн зогсоолуудыг сунгаж, айл өрхүүддээ ойртуулах боломж бий юү?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Хороог хуваах, шинээр бий болгох асуудал автобусны хүрэлцээ хангамжтай ч уялдаж байгаа. Автобусны буудал руу таван км алхаж очдог иргэд төрийн үйлчилгээг 10 км явж, авч байж магад. Тиймээс бид үйлчилгээг ойртуулахаас арга байхгүй. Өнгөрсөн есдүгээр сард түгжрэл бууруулах төлөвлөгөөг боловсруулах хүрээнд Улаанбаатар хотыг тойрч онгоцоор нисэж, зураг авсан. Улаанбаатарыг дээрээс нь харахад хот үнэхээр тэлсэн байна.

Хойд уулын амуудад айл өрх битүү суурьшжээ. Тиймээс хороо, автобусны буудлыг нэмэх ажлыг хийхээс аргагүй. Төсөв санхүүгийн бэрхшээл тулгардаг хэдий ч иргэдээ нэгт тавина. Дээрээс нь камержуулалт нэн чухал байна. Хүн зоны суурьшил дагаж бий болдог бүхнийг шинэ суурьшлын бүсэд байгуулах шаардлага тулгардаг. Найман нэрийн хүнсний дэлгүүр, эмийн сан гэхчлэн бүгдийг бий болгох учиртай. Энэ бүхэн зардал дагуулдаг. Гэтэл манайхан ямар өндөр зардал вэ гээд шүүмжлээд эхэлдэг.

-Нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй таван газарт гүүрэн гарц барьж байгуулсан. Тэрхүү гүүрэн гарцын цахилгаан шатаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчдог. Гэтэл хүйтний улиралд цахилгаан шат нь ажиллахгүй байна. Мөн гэр хорооллын айл өрхийн хогийг удаан хугацаанд ачаагүйгээс хог маш ихээр хураагддаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ. Мөн сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх, цавууг үхрийн шир боловсруулан гаргах боломж байдаг шүү дээ?

Нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн:

-Явган хүний гүүрэн гарцны тухайд хариулъя. Өнгөрсөн хугацаанд явган зорчигчдод зориулсан төмөр хийцлэлийн гүүрэн гарцыг хэд хэдэн газарт байгуулсан. Эдгээр нь загвар, дизайны хувьд төдийлөн сайн биш. Лифт нь хасах хэмд ажиллах боломжгүйгээс зогсдог. Тиймээс цаашид Улаанбаатар хотод орчин үеийн шаардлагад нийцсэн гүүрэн гарц, байгууламжийг стандартын дагуу бий болгох шаардлагатай байгаа. Улаанбаатар хот маань автомашин төвтэй хот болсон. Цаашид иргэн төвтэй, явган хүнд ээлтэй хот байгуулахаар зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөөд байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр:

-“Таван толгой түлш” ХХК-аас сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан. Өнгө будгийн хувьд улаан будагтай байхыг шаардаагүй. Гагцхүү дотоодын компаниудаас тендерийн шаардлагад нийцсэн материал ирүүлдэггүй учраас гаднаас оруулж ирж байсан.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

-Нийслэл хотод зөвшөөрөлгүйгээр суурьшсан айл өрхийн тоо нэмэгдэхийн хэрээр асуудал ч мөн нэмэгддэг. Хөдөөнөөс ирсэн айлууд зөвшөөрөлгүй газарт ирж суурьшдаг. Мэдээж тэнд нь цахилгаан эрчим хүчний эх үүсвэр байдаггүй. Суурьшсаныхаа дараа цахилгаан нэхдэг. Олон жил ийм байдлаар явж ирсэн. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд үүсээд буй асуудал ч мөн ийм. Өнгөрсөн хугацаанд бид 1.7 тэрбум төгрөгийг цахилгааны хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулсан. Дахин 1.2 тэрбум төгрөг төлөвлөөд байна. Зам харгуй, холбоо мэдээллийн үйлчилгээ ч ялгаагүй.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд:

-Зарим дүүргийн захын хороодод хог хаягдалтай холбоотой хүндрэл бий. Гэхдээ нийгэм шилжиж байсан үеийнх шиг хур хогонд дарагдсан газар байхгүй. Хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлд бодож төлөвлөсөн, хийж хэрэгжүүлэх ажил бас бий. Хог яг аль дүүрэг, хэддүгээр хороонд байгааг бодитоор нь хэлээрэй. Нийтэд нь хавтгайруулж яримааргүй байна.

-Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулж буй 420 тэрбум төгрөгөөр яг ямар ажил хийх вэ. Түгжрэл хэдэн хувиар буурах боломжтой вэ?

Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг:

-Засгийн газрын 2021 оны 146 дугаар тогтоолоор ирэх гурван жилийн турш жил тутамд 420 тэрбум төгрөгийг түгжрэлд зарцуулахаар төлөвлөсөн. Үүний хүрээнд зам, замын байгууламж, гүүрэн байгууламж, LRT зэрэг 42 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Анх удаагаа газар чөлөөлөлтөд 124 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр 500 автобусны парк шинэчлэл хийнэ. Мөн LRT-ийн ТЭЗҮ, дугуйн зам, уулзварыг дахин инженерчлэх зардлууд багтсан.

ШИНЭ МЭДЭЭ