Боловсролын салбарын хамтын хэлэлцээрийн дүгнэлтийг хийх зөвлөлдөх уулзалт боллоо
2021.10.08
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Боловсролын салбарын хамтын хэлэлцээрийн дүгнэлтийг хийх зөвлөлдөх уулзалт боллоо

Өнөөдөр буюу /2021.10.05/-нд Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МБШУҮЭХ), Боловсрол, Шинжлэх Ухааны Яамтай хамтран байгуулсан 2020-2021 оны хамтын хэлэлцээрийн дүгнэлт зөвлөлдөх уулзалтыг МҮЭ-ийн холбооны хурлын танхимд зохион байгууллаа.

Уулзалтад Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл болон тус холбооны Г.Цэцэгмаа, Д.Цэцэгдэлгэр, Б.Бат-Энх, Б.Галбадрах, СӨБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг, Д.Эрдэнэханд, БШУЯ-ны газар хэлстийн дарга нар тус тус оролцлоо. Уулзалтаар МБШУҮЭХ болон БШУЯ хоорондын салбарын хамтын хэлэлцээрийг дүгнэлтийг хийх, ирэх 2021-2022 оны хамтын хэлэлцээрийн ажлыг хэсгийг гаргах асуудлаар хэлэлцлээ.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Дэлхийн болон Монголын Багш нарын өдөр, орчин цагийн боловсрол үүсч хөгжсөн 100 жилийн ойн баярын мэндийг нийт боловсролын салбарын ажилтнуудад дэвшүүлж, БШУЯ, МБШУҮЭ-ийн холбооны 2021-2022 оны хамтын хэлэлцээр болон талуудын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

Уулзалтын эхэнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан МБШУҮЭХ, БШУЯ-тай хамтран байгуулсан 2020-2021 оны хамтын хэлэлцээрийн биелэлтийг яамны зүгээс хийсэн дүгнэлт 80 хувьтай гарсныг дуулгаж, Ковид-19 цар тахлын хүндхэн цаг үед БШУЯ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүрээнд багагүй ажлыг зохион байгуулсан талаар хэлж байлаа. Тухайлбал оны улсын төсөвт боловсролын салбарт тулгамдаад буй цалин хөлс, нийгмийн хамгаалал, багш нарын хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд тулгамдаад буй санхүүгийн хөрөнгийг тусгасан талаар онцолж байлаа.

Мөн энэ үеэр МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат Боловсролын салбарын багш ажилтнуудын өмнө тулгамдаад буй цалин хөлс, нийгмийн хамгаалал, Нийгмийн даатгалын багц хуульд тусгах тэтгэвэр тэтгэмжийн асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.

Харин МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл сүүлийн хоёр жилийн байдлаар Ковид-19 цар тахлын улмаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, цалингийн бодит худалдан авах чадвар буурч багш ажилтнуудын ахуй амьдрал хүнд байдалд орж буйтай холбогдуулан, МБШУҮЭХ болон БШУЯ-тай 2020-2021 онд байгуулсан хамтын хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлж цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх эх үүсвэрийг улсын төсөвт тусгаж батлуулах, багш нарын илүү цагийн хөлс олгогдохгүй байгааг шийдвэрлэх, Ковид-19 цар тахлаар өвчилсөн багш нарын цалин хөлсийг бүтэн олгуулах асуудлыг шийдвэрлэхийг хүсэж БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд хүсэлтийг гардууллаа.

ШИНЭ МЭДЭЭ