МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Хөгжлийн загвараа бид өөрсдөө л бүтээнэ
2021.09.17
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Баттөмөр: Хөгжлийн загвараа бид өөрсдөө л бүтээнэ

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Сүүлийн гучин жилийн хөгжлийг өнөөдрийн өндрөөс харахад бидний хүсэн хүлээсэн үр дүнг авчраагүйгээр үл барам ижил гараанаас гарсан орнууд түргэн хугацаанд хөгжиж, бид хол хоцроод байгааг дээр дооргүй ярих боллоо. Бид хөгжиж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ?

-30 жилийн өмнөхтэй харьцуулахад ололт амжилт олон ч нийт монголчуудын амьдралын чанарт нэг их өөрчлөлт гараагүй, ядуурлын түвшин хэвээрээ, ажилгүйдэл буураагүй, нийгмийн шударга ёс алдагдсан, үндсэндээ хөгжлийн үр шимийг хүртээгүй үлдсэн хүмүүс олон байна.

Үүний шалтгаан нь нийгэм, эдийн засгийн хөгжилд төрийн зохицуулалт орхигдож, зах зээлд найдсаных болов уу. Зах зээлд бас шийдэж чадахгүй зүйл гэж бас байна. Үүнийг төрөөс оролцож зохицуулахаас өөр арга байхгүй. Хөгжилд хүрэхийн тулд төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй гэдгийг түүхийн ахар богино хугацаанд хөгжиж чадсан олон улс орнуудын жишээ харуулж байна.

Зах зээлийн үл үзэгдэгч гар бүхнийг зохицуулна гэж найдаж, урсгалаараа явж ирсний горыг өнөөдөр амсаж байна. Газар нутгийнхаа ихэнх хувийг 7500 гаруй лицензээр тарааж, 200 гаруй их дээд сургууль, 70-80 гаруй телевиз байгуулах эрх олгож, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг мөнгө олох хэрэгсэл болгосноос ядуурал, замбараагүй байдал, авлига, шударга бус байдал газар авсан байна.

Үндсэндээ хөгжил урсгалаараа явагдаж, ажиллаж байсан үйлдвэрүүд хувьчлал нэрээр тоногдож, ажлын байргүй болсон олон мянган монголчууд гадаадаас бараа авчирч зардаг болсноор хөгжих хөрс суурь үндсэндээ алга болсон байна. Хөгжлийн үндсэн шалгуур нь хүн амын амьдралын чанар. Хүний амьдралын чанарт хэр өөрчлөлт гарав гэдгийг харахын тулд юуны өмнө орон сууцны хүртээмж, цалин хөлс, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, ядуурлын түвшинг тооцож үзэх ёстой болов уу.

Өнөөгийн нөхцөлд эдгээр үзүүлэлтийн аль аль нь олон улсын дунджаас доогуур байгаа учир цаашид хэрхэн монгол хүн Монгол орондоо тайван, сайхан амьдрах нөхцөлийг бий болгох вэ гэдэг дээр толгойгоо гашилгах ёстой. Хэлбэрийг бус агуулгыг нэгдүгээрт тавих ёстой. Хөгжлийн концепц байнга өөрчлөгдөж байдаг. Гэхдээ хэд хэдэн түгээмэл хөгжлийн загвар бий.

-Тэдгээрээс дурдахгүй юу?

-Хөгжлийн Америк загвар нь эдийн засаг өөрөө өөрийгөө зохицуулах механизмд суурилсан байдаг ба эдийн засагт төрийн өмчийн эзлэх хувь асар бага бөгөөд барааны үйлдвэрлэл, үйлчилгээний үйл явцад оролцох төрийн оролцоо тун бага байна.

Хувийн бизнесийг асар их дэмжих бөгөөд шинэ ажлын байрны бараг 80 хувийг жижиг бизнесүүд бий болгодог. Харин баян ядуугийн ялгаа их боловч хүн амын дундах орлого багатай хэсэгт амьдарч болохуйц тэтгэмж, хангамж олгодог. Энэхүү загварын голлох давуу тал нь эдийн засгийн механизм уян хатан учраас зах зээлийн аливаа өөрчлөлтийг түргэн зохицох боломжийг олгодог. Мөн байнга идэвхтэй байж, шинэ зүйлийг эрэлхийлж байх нөхцөлийг үүсгэдэг. Ийм загвар улс орон бүрт таараад байдаггүй, үйлдвэрлэлийн түвшин өндөр, гадаад, дотоод зах зээлийн багтаамж ихтэй, хүн амын амьжиргааны түвшин өндөр улс оронд илүү үр дүнтэй хэрэгжиж болно. Нийгмийн сайн сайхныг илүү анхаардаг зах зээлийн эдийн засаг дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман, Швед, Франц зэрэг оронд үүссэн түүхтэй. Нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засагтай орнуудад төрөөс эдийн засагт идэвхтэй зохицуулалт хийдэг бөгөөд ДНБ-д эзлэх төрийн өмчийн хэмжээ нилээд их байдаг.

Герман загварын хувьд эдийн засагт төрийн зохицуулалт өндөр, макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн таамаглалыг гаргадаг, төрийн байгууллага болон хувийн секторын цалингийн ялгаа бага, нийгэмд чиглэсэн арга хэмжээг их авдаг онцлогтой.

Хөгжлийн Швед загвар хүчтэй ниймийн бодлогоороо ялгардаг бөгөөд энэ нь үндэсний баялгийг дахин хуваарилж, орлого багатай хэсгийг дэмжих, баян ядуугийн ялгааг багасгах зорилготой. Үүний тулд хувь хүний татварыг өндөр хэмжээгээр тогтоодог.

Хувийн сектор зах зээлийн өрсөлдөөний үндсэн дээр үйлдвэрлэл эрхэлдэг бол амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын ажил эрхлэлт, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн даатгал болон дэд бүтцийн хөгжлийн асуудлыг төр хариуцна. Япон улс дайны дараа өөрийн гэсэн хөгжлийн өвөрмөц загварыг бүтээсэн түүхтэй. Үндэсний хэмжээнд тавьсан зорилтод хүрэхийн тулд төр, хөдөлмөр болон капиталын үр дүнтэй, хамтын уялдаа холбоог хангах, хамтран ажиллаж, өндөр бүтээмжид хүрэх нь энэ загварын онцлог шинж юм.

Түүнчлэн эдийн засгийн голлох салбарыг төрөөс бодлогоор дэмждэг, эдийн засгийн хөгжлийг төлөвлөдөг, төрийн байгууллага болон хувийн секторт ажилладаг хүмүүсийн цалингийн ялгаа бага, нийгэмд чиглэсэн бодлого явуулдаг байна. Япон загварын өөр нэг онцлог нь эдийн засгийн шинэчлэлийг төрөөс ялангуяа эхэн үед нь идэвхтэй зохицуулдагт байгаа юм. Өмнөд Солонгосын загвар бол үндсэндээ Япон загварын нэг хувилбар. Аль алинд нь эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэл хийх, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд төрөөс идэвхтэй оролцсон байна. Төрөөс зах зээлийн эдийн засгийн хүчирхэг суурийг бий болгоход анхаарч, томоохон корпорациудыг байгуулж, тэдгээр нь хожим санхүү, аж үйлдвэрийн группууд болж хөгжсөн нь эдийн засгийн хөгжилд асар их нөлөө үзүүлсэн байна. Хөгжлийн загварыг тодорхойлоход төрийн нийгэм эдийн засгийн бодлого хэрэгтэй бөгөөд өнөө үед либерал, консерватив болон социал демократ бодлогыг голчлон баримталж байна. Либерал бодлогын онцлог нь хүний эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг дэмждэг, эдийн засагт шаардлагагүй бол оролцохгүй байх, төрөөс хэрэгжүүлэх нийгмийн хөтөлбөр цөөхөн, нийгмийн халамж, нийгмийн хамгааллын хүрээнд төрийн бус байгууллагыг оролцуулахыг түлхүү анхаардаг зэрэг юм. Нийгэм эдийн засгийн либерал бодлогыг хэрэгжүүлэгч үндсэн загварыг АНУ-аас харж болно.

Нийгэм эдийн засгийн консерватив бодлогын үндсэн онцлог нь нийгмийн салбар, хөдөлмөрийн зах зээлд төрөөс их хэмжээгээр оролцож зохицуулдаг, хүн амын орлогыг нэмэгдүүлэх талаар идэвхтэй бодлого хэрэгжүүлдэг. Энэ загварыг хэрэгжүүлсэн гол төлөөлөгч нь Их Британи улс.

Нийгэм эдийн засгийн социал демократ бодлогын үндэс нь төрийн өмч ДНБ-д нилээд хувийг эзэлдэг, гол төлөв нийгэмд чухал ач холбоглолтой салбаруудыг төр мэдэлдээ байлгадаг, нийгмийн салбарыг төрөөс санхүүжүүлдэг, ажилгүйдэл, хөдөлмөрийн зах зээлийг төрөөс зохицуулдагт байгаа юм. Энэ загварыг Скандинавийн хойгийн орнууд буюу Швед, Дани, Норвегид хэрэгжүүлж, ихээхэн амжилт олсон юм.

Хятад улсын 1978 оноос хойш хэрэгжүүлсэн шинэчлэл нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн хамгийн өвөрмөц загварт тооцогддог.Дэлхийн Банкнаас гаргасан мэдээгээр сүүлийн 30 жилийн дотор Хятад улсад 850 сая хүнийг ядуурлаас гаргасан байна. Энд аж үйлдвэржилт, зах зээлжилт, хотжилт, даяаршил бүгд нэгэн зэрэг өрнөж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд төрийн зохицуулалт голлох үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Хятад улсын өсөлтийн хурдыг төрийнкапитализмтай холбон тайлбарладаг. 2000-аад оны дунд үеэс эхлэн Хятадын эдийн засгийн ихэнх салбарууд зах зээлд шилжиж, дэлхийн эдийн засгийн интеграцид орсон ч стратегийн үйлдвэрүүд нь төрийн өмчит аж ахуйн нэгж хэвээр улсын мэдэлд байсаар байна. Үүгээрээ "Хятад загвар"өрнөдийн либерал ардчилсан капитализмаас ялгаатай.

-Бид барууны буюу либерал загварыг хэрэгжүүлсэн болов уу? Яагаад барууны орнууд шиг өндөр хөгжилтэй болж чадсангүй вэ?

-Хөгжлийн бүх загварт өөрийн давуу болон сул талууд бий. Бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг халж, шилжилтийн үеийг туулахдаа өөрийн орны уламжлал, зан заншил, үндэсний онцлог, амьдралын тогтсон хэв шинжийг сайтар тооцоололгүй, бусдыг дуурайх маягаар явж иржээ. Хөгжлийн зорилгодоо чөлөөт зах зээл, өрсөлдөөн, хувь хүний хөгжилд суурилан хүрч болох ба энэ бол зах зээлд суурилсан хөгжлийн загвар. Гэхдээ энэ загвар хөгжиж буй орнуудад бүрэн тохирохгүй байх тохиолдол байдаг. Зарим шүүмжлэгчид барууны хөгжлийн энэхүү загвар эдийн засгийн тэгш бус байдлыг нэмэгдүүлж, нийгмийн баялгийг баячуудын гарт төвлөрүүлж, ядуусыг мөлждөг гэж үздэг. Энд баян, хоосны ялгаа ихээр илэрч, баячууд монополь бодлогоо хэрэгжүүлэх таатай хөрс бүрддэг ажээ.

Хөгжлийн олигархижсан загвар гэж бас бий. Энэ загварыг дагасан улс оронд санхүү, аж үйлдвэрийн салбарт ноёрхсон цөөн тооны бүлэг төрөөр эрх ашгаа хамгаалуулж, монополь тогтоож, өрсөлдөөнийг хязгаарлан боомилж, бүх асуудлыг лоббигоор шийдвэрлэж, олигархи бүлгүүдэд онцгой эрхийг эдлүүлж, тэдний хүссэн болгоныг биелүүлдэг засгийн газрыг бий болгодог.

Олигархи бүлгүүд орлого болон нийгмийн баялгийн дийлэнх хэсгийг эзэмшиж, түүнийгээ бусдыг дарлах, хяхаж хавчих, хязгааргүй эрх мэдэлтэй болоход ашигладаг. Тэдний төлөөлөл төрийн захиргааны бүх шатанд нэвтрэх тул олигархжсан төр үүсч, аливаа шийдвэр зөвхөн тэдний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн байдаг. Капитал хүн амын 1 хувийг бүрдүүлэх хүмүүсийн гарт төвлөрнө. Төрийн олигархажсан загвар үндсэндээ ард түмний эсрэг, ардчиллын эсрэг шинжтэй болж ирэх ба нийгмийн идэвхийг төрөөс аль болохоор дарангуйлна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хүрээнд өрсөлдөөн хумигдаж, эдийн засаг монополиудын гарт төвлөрснөөр нийгмийн хөтөлбөр огт хэрэгжихээ больж, энэ нь нийгмийн дунд дургүйцэл төрүүлнэ. Энэхүү дургүйцэл, эсэргүүцлийг дарахын тулд төрөөс орон нутгийн шинжтэй зөрчлийг өдөөж, ингэснээр гол асуудлаас нийгмийн анхаарлыг зориудаар сарниулдаг.

Үндэсний үзлийг дэвэргэж, нийгмийн зөрчлийг дарахын тулд хамгаалах зэвсэг худалдан авах, шорон гяндан барих зэргээр эдийн засаг, нийгмийн амьдралыг огт хүсээгүй гольдрилд оруулах аюултай. Энэ бол эдийн засгийн хөгжлийн хамгийн эрсдэлтэй загвар юм.

Түүнчлэн хөгжлийн этатист (францаар état буюу төр улс) загвар буюу төр ихээхэн хэмжээний эрх мэдэлтэй байж, улс орноо чиглүүлэх загвардайны дараагаар капиталист болон социалист эдийн засгийн аль алинд ажиглагдаж байжээ. Эдгээр орнуудад үйлдвэрлэлд хамрагдаагүй байгалийн болон хүн хүчний нөөц байсан бөгөөд түүнийг төрийн мэдэлд авснаар аж үйлдвэржилтийн хурдцыг нэмж, дайнд сүйдсэн эдийн засгийг сэргээхэд дэмжлэг болж байсан юм. Кейнсийн онолын дагуу хэрэглээг шүтсэн эдийн засаг бүхий капиталист орнуудболон захиргаадалтын системтэй социалист орнууд 1970 оны дунд үе хүртэл ямар нэг байдлаар амар тайван хөгжиж иржээ. Эдийн засагт төрийн оролцоо нэмэгдсэнээр татварын хувь хэмжээ нэмэгдэж, энэ нь компаниуд болон хувь хүмүүсийн бизнес эрхлэлтийг урамшуулахын оронд боомилж эхэлсэн байна.

Төрөөс нийгмийн хамгаалалд хэт анхаарч, ажилгүйдлийн тэтгэмж олгох зэргээр төсвөөс нийгмийн тодорхой бүлэгт чиглэсэн дэмжлэгийг нэмэгдүүлснээр бусдын хөдөлмөрийг сорж, паразиталж амьдардаг бүхэл бүтэн давхаргыг бий болгосон байна. Үүнтэй уялдан эдийн засгийн өсөлт удааширч, бизнес эрхлэгчдийн ихэнх нь сүүдэрт орж, татвараас зугтаах, далд эдийн засаг руу шилжих байдал ихэссэн байна. Төрөөс эдийн засгийг зохицуулахдаа шууд нөлөөлж, хувийн бизнестэй өрсөлдөн төрийн бизнесийг хөгжүүлэх бус, харин зах зээлийн механизмыг ашиглан дам байдлаар оролцох ёстой байв. Төр бизнест хутгалдан орж, хувийн бизнесийн хийж чадах салбарт тэдний бизнесийг булаах юмуу өрсөлдөх байдлаар оролцох ёсгүй. Төрийн хариуцах ёстой зүйлсийн тоонд нийгмийн амин чухал дэд бүтэц, тухайлбал, батлан хамгаалах, хууль ёсыг тогтоох, хэрэгжилтийг хангах, санхүү болон мөнгө зээлийн бодлого байх ёстой.

-Бидэнд тохирох өөр загвар байгаа болов уу? Эсвэл хөгжлийн загварыг монголчилж, өөртөө тааруулах уу?

-Хөгжлийн загвар гэдэг улс орны эдийн засагт тодорхой үр дүнг авчрахад чиглэсэн эдийн засгийн обьектуудын хөгжлийн хандлага юм.

Ямар үр дүнд хүрэх гэж байгаагаас шалтгаалан хөгжлийн загвар улс орон бүрт харилцан адилгүй, нэг улс орны хөгжлийн загвар нөгөө оронд тохирохгүй байж болох ч хүн төрөлхтөний түүхэнд бүрэлдэн бий болсон хөгжлийн загваруудаас хамгийн үр дүн дүнтэй нь зах зээлийн эдийн засагт суурилсан, өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн, нийгмийн баялгийг хүн амд дахин хуваарилалтын аргаар тэгш хуваарилж чадсан, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангасан тийм загвар юм.

Хөгжлийн аливаа загварыг улс орнууд хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэхээр сонгон авахдаа түүхэн нөхцөл, газар зүйн байрлал, нийгэм соёлын онцлогийг заавал харгалзан үзэх ёстой бөгөөд түүнчлэн эдийн засгийн нөөц бололцоо, эдийн засгийн онцлог шинж, үндэсний өвөрмөц чанар, эдийн засгийн хөгжлийн байдал, бүтэц, түвшин, бүс нутагтаа болон дэлхийд эзлэх байр суурь, аж ахуйн зохион байгуулалтын болон салбарын бүтэц, эдийн засгийг төрөөс зохицуулдаг эсэх, эдийн засгийн нээлттэй байдал болон дэлхийн эдийн засагт оролцох оролцоо, нээлттэй байдал, гадаадын капиталын ашиглалт зэрэг үзүүлэлтийг анхаарах ёстой. Зах зээлийн эдийн засаг өндөр хэмжээнд хөгжсөн, өрсөлдөөний механизмыг эдийн засгийг урагшлуулах гол хөшүүрэг болгож чадсан, шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх дотоодын хөшүүрэг бүхий хөгжингүй орнууд байна. Сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнууд эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэх болсон нь бусад улс орнуудын жишгийг харж, өөрийн хөгжлийн замыг тодорхойлох болсонтой холбоотой. Шинэ замыг бий болгохоос илүү бусдын алдааг давтахгүйг хичээж, гүйцэж түрүүлэх нь хялбар. Монгол Улсын хувьд хэдэн зуун жилийн туршид хөгжөөд ирсэн улс орнуудын ардаас хөөцөлдөх бус, урдаас нь амдаж хөгжих зам үлдээд байна. Технологийн дэвшил өнөө үед мэдлэгийн үйлдвэрлэлийн хамгийн чухал хүчин зүйл болгож хувиргаад байна. Мэдлэгийн эдийн засагт суурь машины хажууд зогсдог хүмүүс биш, инженерүүд, дизайнерууд, программистууд илүү хэрэгтэй болоод байна.

Бусад орны хөгжлийг гүйцье гэвэл хөгжлийн загвараа өөрчлөх шаардлагатай. Биднийг хөгжлийн хурдаа нэмэх гэж оролдох зуур бусад орнууд зогсолтгүй урагшилсаар байх тул мэдлэгийн эдийн засагт анхаарлаа төвлөрүүлж, хэрхэн бүх хүчээ дайчилж, амдан хөгжих талаар бодох хэрэгтэй болжээ. Шинэ эдийн засгийг нутагшуулж, цахим шилжилтэд аль болох түргэн хугацаанд шилжихгүйгээр үүнийг хийх боломжгүй.

-Хөгжлийн энэ загвар бүрт давуу болон сул байгаа нь ажиглагдлаа. Дэлхийн дулаарал, байгалийн гамшгийн давтамж, хүрээлэн байгаа орчны бохирдол биднийг өөрөөр амьдрахыг шаардах боллоо. Та энэ талаар юу хэлэхсэн бол?

-Байгалийн баялгийг үрэлгэн байдлаар хэт ихээр ашиглах, агаар, ус, хөрс, дуу чимээний бохирдол, цаг уурын өөрчлөлт, цацрагийн түвшний нэмэгдэлт, озоны давхаргын цоорол, эко системд гарсан доройтол зэрэг нь бидэнд хөгжил гэдэг чинь сүйтгэл юм биш үү гэсэн дохиог өгсөн юм.

Хөгжихийн төлөө хүн төрөлхтөн асар их зүйлийг золиосолжээ. Үүнээс болж нийгэм, эдийн засаг, байгаль орчинд тэнцвэргүй байдал үүсэв. Тогтворжуулах шаардлага үүссэн гэсэн үг. Нийгэм, эдийг засаг, хүрээлэн буй орчныг тогтвортой байлгаж байж бид хөгжинө. Ингэхгүй бол хөгжил сүйрэл дагуулна, дагуулсаар ч байна. Тогтвортой хөгжил үүнийг зогсоож чадна.

Ялангуяа дэлхийн дулаарлын нөлөө жил ирэх тутам мэдэгдэхүйцээр илэрч, гал, усны аюул, газар хөдлөлт, хөрсний нуралт, байгалийн гамшиг дагуулах болов. Хөрсний элэгдэл, бэлчээрийн даацын хэтрэлт, цөлжилт, уул уурхайгаас үүдэлтэй усны хомсдол Монгол оронд уур амьсгалын өөрчлөлтийг авчирч байна. Ирээдүй хойдоо онгон дагшин байгалиа хэвээр нь үлдээхийн тулд тогтвортой хөгжлийн загвар чиглэж байна. Алсын хараа 2050- үзэл баримтлалд үүнийг тусгасан бөгөөд эдийн засгийн өсөлтийг бий болгохдоо байгаль орчны доройтол, бохирдлоос сэргийлж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан, хүн амын амьдралын чанарыг сайжруулж, нийгмийн тэгш байдлыг хангахад анхаарах юм. Байгалийн баялгийг амьжиргаагаа дээшлүүлэх, байгаль хамгаалах үндсийг бэхжүүлэх зорилгод нийцүүлэн зохистой ашиглаж, зах зээлд өрсөлдөх чадвартай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байна. Байгалийн баялгийн орлогынхоо ихэнх хувийг биет капитал болон материаллаг хэрэгцээнд мөнгөн болон бусад хэлбэрээр зарцуулдаг ч хүн амынхаа боловсрол, мэдлэгт хөрөнгө оруулж, хүний капиталаа өсгөснөөр улс орны хөгжлийн суурь тавигддаг. Хүний капитал хөгжлийн үндсэн эх сурвалж юм.

Хөгжлийн үнэ цэнэ хэт өндөр байх нь улс орны ирээдүй, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлдэг. ДНБ-ээ хоёр дахин нугалсан өртэй монголчууд хөгжлийн загвараа эргэн харж, эдийн засгаа тэлэх, хөгжлийн хурдцыг нэмэх альтернатив арга, загвар олох шаардлагатай боллоо. Монгол Улсын хөгжлийн загварыг Монголчууд бид өөрсдөө л бүтээнэ, хэн нэгэн ирээд хийгээд өгдөг зүйл биш. Монголын нөхцөлийг монголчуудаас өөр хэн ч илүү сайн ойлгож, мэдэрч чадахгүй.

-Монголын хөгжлийн загварыг та хэрхэн тодорхойж харж байна вэ? Юугаараа бусдаас ялгарах бол?

-Хөгжихийн тулд дан ганц уул уурхайн үйлдвэрлэл, эрдэс баялгийн экспортоос хамаарч болохгүй гэдэг нь улам бүр ойлгомжтой болсоор байна. Уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр хэлбэлзэх, бодлогын шинжтэй хориг, хязгаарт орох, валютын ханш өсч буурахад улс орны эдийн засаг тэр чигээрээ доргиход хүргэхгүй байх гарцуудын нэг нь эдийн засгийн төрөлжилт юм.

Монгол хүний оюуны потенциал болон хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшил, инновацийг ашиглан цөөн төрлийн чанартай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлэх, богино хугацаанд эдийн засгаа тэлэх, үр ашигтай мега төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн өмч давамгайлсан Эрдэнэт шиг уул уурхайн компаниудыг байгуулан хөгжүүлэх боломж байна. Аливаа хөгжил үргэлж шинэ зүйлийг авчирч тэр нь дараагийн шинэ зүйлийг үүсгэн бий болгож, арвижиж, илүү их нэмүү өртгийг бий болгож, өндөр технологийг үйлдвэрлэлд өргөнөөр ашиглаж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж байж үйлдвэрлэлийн үр ашиг болон хүн амын амьдралын чанар ихээхэн дээшилж, эдийн засаг нь тэнцвэртэй бөгөөд зөв бүтэцтэй болно. Хөрөнгө оруулалт бол эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр бөгеөд үйлдвэрлэлийн хүчин чадал болон орлого бий болгодог ч бид хөрөнгө оруулалтыг хамгийн ирээдүйтэй салбарт оруулж, боломжийг нь бүрэн дүүрэн чадахгүй байна.

Хөгжлийн хурдцыг өсөлтөөр тодорхойлох бөгөөд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд капиталын хуримтлал үүсгэх, түүнийгээ хөрөнгө оруулалт болгон хувиргах, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай.

Монголын хөгжлийн эмпирик загварыг монгол гэртэй зүйрлэвэл тооно нь Алсын хараа 2050 болж, тулгуур хоёр багана нь уул уурхайн үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болох юм. Аль алиных нь хувьд боловсруулах үйлдвэрлэлийг өргөжүүлснээр нэмүү өртгийг дотоодоо бий болгож, түүхий эдээс илүү үнэ хүрэх бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах боломжийг олгосноор тоононд өлгөх унийн тоо нэмэгдэнэ.

Эрчимжсэн мал ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр уул уурхайгаас ч илүү орлого олох бөгөөд экологийн цэвэр бүтээгдэхүүний экспортыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлнэ.

Гадаад худалдаагаар дамжуулан хөгжсөн орнуудын туршлагаас харж байхад эхлээд бусдаас ялгарах онцлог эсвэл эдийн засгийн хаана ч давтагдашгүй үнэ цэнэтэй зүйлс юу болохыг олж тогтоох шаардлагатай байдаг.

Манай улсын хувьд экологийн цэвэр бүтээгдэхүүн, ялангуяа хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байгаа тул хязгаарлагдмал нөөц бололцоо, хөрөнгөө зөвхөн тэр салбарт зориулж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, ийм замаар эдийн засгаа тэлэх шаардлага гарч ирж байна. Мөн гадаад худалдаа хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогоор экспортыг дэмжиж, валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад анхаарах хэрэгтэй байгаа юм.

Уламжлалт бүтээгдэхүүнээс гадна мэдлэг, инновац шингэсэн, оюуны өндөр гүйцэтгэлтэй, өртөг өндөртэй зүйлсийг экспортлох залуусыг дэмжих ёстой. Азийн түргэн хөгжилтэй орнуудын жишээ ийм. 3.3 сая хүнтэй манай улсын хувьд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10000 доллар болгохын тулд өнөөдрийн ДНБ-г 2.5 дахин өсгөх буюу 34,6 тэрбум ам. доллартай тэнцүү ДНБ-тэй болох шаардлага тулгарч байгаа бөгөөд 2060 он гэхэд 38000 ам. доллар болгохын тулд одооноос хөгжлийн загвараа эргэж харах, байгаа бүхий нөөц боломжоо хөгжлийн зорилтод дайчлах, эдийн засгаа тэлэх, өсөлтийг хангах өөр арга олох хэрэгтэй болж байна.

ШИНЭ МЭДЭЭ