2021.07.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Т.Аубакир: Яамд амбицаа хойш тавих хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Энэ хууль гарснаар ямар ямар давуу талууд бий болох ёстой байсан бэ? Энэ нь ирээдүйд хөдөлмөрийн зах зээл дээр бий болох эрэлт, чиг хандлагад чиглэсэн боловсон хүчин бэлтгэж гаргах ёстой байсан юм гэдэг талаас нь давуу ярих ёстой. Энэ чухал асуудал. С.Ганбаатар гишүүн зөв хэлж байна. Үүнд бизнес эрхлэгчдийг түлхүү оруулж өгөх хэрэгтэй.

Засаглалын хэлбэр дээр нь анхаарч энэ хуулийг дэмжээд явах нь зөв гэж бодож байна. Яагаад гэвэл МСҮТ-ээс эзэмшиж гарсан мэргэжил бол маш олон гэр бүлийг орлоготой болгох, олон залуучуудыг ажил, хөдөлмөртэй байлгаж байгаа чухал салбар. Тиймээс энэ асуудлын хэлэлцэх асуудлыг шийдээд дараа нь хоёр яам чи ав, би ав гэсэн амбицийн асуудлыг ярих хэрэгтэй. Залуучууд мэргэжил эзэмших ёстой. Хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэгдэж, боловсон хүчинүүд хохирч үлдэх ёсгүй юм. Тийм учраас хэлэлцэх асуудлыг нь дэмжээд явуулъя гэсэн саналтай байна.

ШИНЭ МЭДЭЭ