Хөвсгөл аймгийн хэмжээнд 1560 сурагч 12 дугаар анги төгсөж байна
2021.06.02
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Хөвсгөл аймгийн хэмжээнд 1560 сурагч 12 дугаар анги төгсөж байна

Хөвсгөл аймгийн хэмжээнд 1560 сурагч 12 дугаар анги төгсөж байна.

Төгсөх ангийн сурагчдад БШУЯ-ны Бага, дунд боловсролын газар, Боловсролын үнэлгээний төв, Монголын их, дээд сургуулиудын консерциум, сэтгэл зүйн нийгэмлэгийнхэн хамтарч сургалт зохион байгууллаа. Сургалтад Мөрөн хотын төгсөх ангийн сурагчдын төлөөлөл оролцсон бол тус аймгийн бусад сургуулийн төгсөгчид цахимаар хамрагдсан юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Ирээдүй өөрчлөгдөж байна. Өмнө нь бид нэг мэргэжил эзэмшээд насан туршдаа амьдралаа залгуулчихдаг байсан бол өнөөдөр өөр болсон. Нэлээд хэдэн мэргэжил, ур чадварыг төгс эзэмшихийг нийгэм биднээс шаардаж байна. Өнөөдөр байгаа мэргэжлүүдийн тал хувь нь 10-20 жилийн дараа гэхэд хэрэгцээгүй болно. Тиймээс алсыг харж мэргэжлээ сонгох шаардлага төгсөгчдийн өмнө тулгамдаж байна. Ажилд авах зарыг анзаарч нэг хараарай. Сургуулиа онц дүнтэй төгссөн байхыг биднээс шаардахаа больсон. Харин багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх чадвартай, бусдыг манлайлагч байх буюу харилцаа хандлагыг чухалчлах болсон. Тиймээс боловсролын салбар мэдлэг, чадвар, хандлагыг чухалчилж байна.

БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир:

үний амьдралыг 10-20 жилээр нь үечилж тооцдог аргачлал бий. 1960 оноос өмнө төрсөн хүмүүсийг “baby boomers” гэж нэрийддэг бол 1995-2015 онд төрсөн 6-26 насны иргэдийн “Generation Z” гэсэн үечлэлд багтаан ойлгож байна. Өөрөөр хэлбэл энэ жил 12 дугаар анги төгсөж байгаа сурагчид энэ үечлэлд хамаарах юм. “Generation Z” үеийнхний онцлог нь:

Олон ажлыг зэрэг амжуулж чаддаг

Эрт эхлэгчид байдаг

Илүү даяаршсан

Илүү энтрепренер чанартай байдаг. Харин пэнэ үеийн хүүхэд залуус

Төвлөрөх тааруу болохыг эрдэмтэд дурьдаж байна. Бүх боломж шинэ үеийн залууст нээлттэй байгаа учир хэлний чадвараа сайжруулж, багаар ажиллах чадварт суралцан, анхаарлаа төвлөрүүлж, өөрийгөө зөв илэрхийлэх дадалд суралцвал амжилт маш ойрхон байна.

Монголын их, дээд сургуулиудын консерциумын тэргүүн Т.Хэрүүга:

-12 дугаар анги төгсөгчдийн өмнө тулж байгаа хамгийн том сорил бол элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөх явдал. Үүний дараа аль сургуульд элсэж, ямар мэргэжил эзэмших вэ гэдэг асуудал гарч ирнэ. Мэргэжил сонголттой холбоотой олон зөвлөмж өгч болох ч хамгийн түрүүнд сургуулиа зөв сонгохыг зөвлөж байна. Монгол Улсын байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл гэж бий. Энэ шалгууруудыг хангавал олон улсын магадлан итгэмжлэл хийлгэдэг. Тэгэхээр сонголт хийхэд туслах хамгийн энгийн шалгуур бол магадлан итгэмжлэлд хамрагдсан эсэхийг нь нарийвчлах явдал юм.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат:

-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад 40420 шалгуулагч бүртгүүлж, бид суудлын хуваарийг хийж дуусгаад байна. ЭЕШ долоодугаар сарын 1-4-ний өдрүүдэд болно. Нийт 10 төрлийн хичээлээс сурагчид сонголтоо хийсэн. Хамгийн багадаа 2 хамгийн их нь 10 хичээл сонгох боломж сурагчдын өмнө нээлттэй бий.

Математик, англи хэл, нийгмийн хичээлийг хамгийн олон хүүхэд сонгосон бол газарзүйн хичээлээр шалгалт өгөх 1200 гаруй шалгуулагч байна. Шалгалт 100 хүртэл минут үргэлжилнэ. Шалгалтын дараа шууд засалтын төхөөрөмж ашиглах учир тэр даруй өөрийн авсан оноо дүнг мэдэх боломжтой. Шалгалтын материалын нууцлал, шууд засалтын программд итгэж болох учир сурагчид одоо шалгалтдаа сайн бэлдэх л үлдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ