А.Ариунзаяа: Ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, үүрэг тэнцвэртэй болно
Хэлэлцэн, батлах ээлжээ хүлээж 4 парламент дамжин, 10 гаруй жилийн нүүр үзсэн “ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ” хууль одоогийн УИХ-ын хаврын чуулганаар батлагдах гол хуулиудын нэг билээ.
Нийгмийн суурь харилцаа болох хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг, Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх ач холбогдолтой энэ хуулийн шинэчлэлд иргэн, аж ахуй нэгж, олон нийтийн байгууллага, мэргэжилтнүүд ихээхэн анхаарал хандуулж байна. Энэ хуулийн талаар Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэг гол зорилго нь ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлэхэд чиглэгдэж байгаа. Хуулийн төсөлд орсон ажил олгогч болон ажилтны эрхийн талаар ямар онцлох зохицуулалт байна вэ?
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажилтан ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартад нийцсэн ажлын байранд ажиллах, энэ талаар бодит мэдээлэл авах, гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах, ээлжийн амралт эдлэх, хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол гаргах эрхтэй байхаар заасан.
Харин ажил олгогч нь ажилтнаас хүлээсэн үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах, ажилтныг шагнаж урамшуулах, хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага ногдуулах, ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг тогтоож мөрдүүлэх зэрэг эрхтэй.
Хуулийн төсөлд орсон ажилтан, ажил олгогчийн үүргийн талаар дэлгэрүүлбэл?
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа одоогийн Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон хэм хэмжээг дордуулахгүй байх, ажилтны нийгмийн хамгааллын байдлыг дээшлүүлэх зарчим баримталсан. Ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн харилцаанд аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид байлгах үүргийг хүлээнэ.
Түүнчлэн ажилтны гүйцэтгэж байгаа ажил, үүрэгт нь тохирсон цалин хөлсийг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэмжээгээр тогтоосон хугацаанд тогтмол өгч байх үүрэг хүлээлгэсэн. Ажил олгогч, ажилтны хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааны төрлөөс хамаарч нэмэлт эрх, үүрэг хүлээнэ.
Хөдөлмөрийн гэрээний талаар ямар зохицуулалт хуулийн төсөлд тусгагдсан бэ?
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөдөлмөрийн гэрээг хугацаатай болон хугацаагүйгээр байгуулахаар заасан. Хөдөлмөрийн дагалдангаар, туршилтын хугацаагаар ажиллуулах, улирлын шинжтэй ажил гүйцэтгүүлэх, ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах, түр ажлын байранд ажиллуулах, санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх гэсэн 6 тохиолдлоос бусад тохиолдолд хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулахаар заасан.
Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг харгалзан зайнаас ажиллах, ажлын бүтэн бус цагаар ажиллах, уртын ээлжээр ажиллах тохиолдолд хөдөлмөрийн гэрээнд тусгах онцлог зохицуулалтыг тусгасан байгаа.
Хөдөлмөрийн харилцаанд цалин, хөлсний асуудал хамгийн чухал. Мөн амралт, илүү цагтай холбоотой ямар зохицуулалт хуулийн төсөлд тусгагдаж байна вэ?
Цалин хөлсний зохицуулалтын хувьд ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх тогтолцоог бий болгох, ээлжийн амралтын үндсэн хоногийг ажлын 20 байхаар хуулиар тогтоож, нэмэгдэл амралтыг хамтын гэрээгээр шийдвэрлэх, уртын ээлжээр ажиллах, амрах хугацааг 14/14 байхаар өөрчлөх, сахилгын шийтгэлийн төрлийн нэмэгдүүлэх зэрэг асуудлыг ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагатай зөвшилцөн тусгасан.
Хөдөлмөрийн тухай хуульд олон улсын жишиг, нэгдэн орсон конвенциудад нийцүүлсэн ямар заалтууд орсон бэ?
Монгол Улс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн улс бөгөөд 20 гаруй конвенцид нэгдэн ороод байна. Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хүүхдийн хөдөлмөрийг хориглох, албадан хөдөлмөрийг хориглох болон эвлэлдэн нэгдэх, хамтын хэлэлцээ хийх гэсэн үндсэн 4 эрхийг хангах ёстой. Энэ зарчмаар Монгол Улсын нэгдэн орсон ОУХБ-ын суурь 8 конвенцид өөрийн орны өвөрмөц онцлогийг харгалзан нийцүүлэх арга хэмжээг авсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэх боломж олгосон дэвшилттэй ямар заалт хуулийн төсөлд тусгасан бэ?
Ажил олгогч нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан тохирох хэрэглэгдэхүүнээр хангах замаар хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.
Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрны дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг гэрээгээр байнга худалдан авах зэргээр тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн ажил олгогчийг тухайн төлбөрөөс чөлөөлж, эсхүл хөнгөлж болохоор заасан.
Хөгжлийн бэрхшээлтэй хүн тэтгэвэр, тэтгэмж авч байгаа нь түүний цалин хөлсийг бууруулах болон хуульд заасан бусад эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэсэн зохицуулалтыг шинээр нэмсэн. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асардаг ажилтан хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч түүнд гэрээрээ, зайнаас, бүтэн бус цагаар ажиллах зэрэг ажлын уян хатан нөхцөлийг бүрдүүлэх боломжит арга хэмжээг авна.
Хууль батлагдан, хэрэгжсэнээр нийгэм, хөдөлмөрийн харилцаанд ямар эерэг өөрчлөлт гарна гэж үзэж байгаа вэ?
Уг хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хамрах хүрээ өргөжих, ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүрэг тэнцвэржих, хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хянах арга механизм, нийгмийн түншлэлийн тогтолцоо оновчтой болно.