2021.03.27
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Монголын эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд МАН түүхэн үүрэг гүйцэтгэжээ

МАН-ын 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буйтай холбогдуулан “Зууны хөгжилд эмэгтэйчүүд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг НАМЭХ-ноос цахимаар зохион байгууллаа. Хуралдаанд нийслэл, аймаг, дүүргийн НАМЭХ-ны төлөөлөл 200 хүн оролцов.

УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Сарангэрэл эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монголын эмэгтэйчүүд нийгмийн салаа мөчир бүрт өөрийн зүрх сэтгэл, хүч хөдөлмөр, эрдэм мэдлэгээ зориулсаар ирсэн бахдам түүхтэй. Ардын хувьсгал ялж, тусгаар тогтнолоо олсон 1921 оноос Монголын эмэгтэйчүүд бичиг үсэгт суралцсан бөгөөд анхны эмч, багш, сургагчаар ажиллан эх орныхоо шинэ нийгмийн хөгжилд бүтээлчээр гар, бие оролцож ирсэн.

Энэ бол тэгш эрх, эрх чөлөөт нийгэм байгуулах МАН-ын хүмүүнлэг бодлоготой шууд холбоотой. 1924 онд баталсан анхны Үндсэн хуульд эрэгтэй, эмэгтэй ялгаагүйгээр иргэн бүр сонгох, сонгогдох эрх эдлэхийг тунхагласан нь Ази тивд төдийгүй арчилсан улс орнуудаас ч өмнө эмэгтэйчүүдийн эрхийг хуульчлан баталгаажуулахад түрүүлж алхсан нь Монгол Улс байсан” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Мөн тэрээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн энэ ертөнцийг ижил тэнцүү мөрлөж явдаг гэх дорнын үгийн үнэн цэнийг харуулж, нийгмийн амьдралын бүхий л салбарт жендерийн тэгш байдлыг хангасан орнууд тэнцвэртэй, тогтвортой хөгжиж байгааг тодотгосон юм.

Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН 100 жилийнхээ түүхэн ойг тэмдэглэж буй энэ мөчид улс орны хөгжилд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмрийг тодотгож ярих нь зүйн хэрэг юм. 100 жилийн түүхийг эргэн сөхвөл эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмэр, байгуулсан гавьяа ямар их юм бэ гэдэг нь тодорхой харагдана. МАН Ази тивдээ анх удаа эмэгтэйчүүдийг төрийн хэрэгт татан оролцуулахад манлайлан оролцсон байдаг.

Цаашдаа МАН-ын зүгээс нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд онцгойлан анхаарч, дэмжиж ажиллах нь зүйн хэрэг гэж үздэг. Үүний илрэл нь МАН засгийн эрх барьж байх үедээ парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог 25-аас доошгүй хувь байна гэж хуульчилсан. Мөн МАН Их хурлаараа намынхаа дүрэмд намын сонгуульт албан тушаалын 30-аас доошгүй хувьд эмэгтэйчүүд байхаар тусгаснаараа бусад намуудаас онцлогтой” гэв. Өнөөдрийн байдлаар МАН-ын нийт гишүүдийн 54 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ажээ.

  • Эрдэм шинжилгээний бага хуралд, “Гал голомт” хөдөлгөөний тэргүүн,
  • Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Д.Мөнхөө “Эх,нялхасын эрүүл мэндийг хамгаалж, хүн амаа өсгөсөн түүхэн амжилт” сэдвээр, 
  • МУИС-ийн Антропологи-археологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Ц.Цэцэгжаргал “Монголын эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд МАН-ын гүйцэтгэх үүрэг” сэдвээр,
  • МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, профессор Ч.Болдбаатар “Төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо: УБХ-ын жишээн дээр” сэдвээр, “Эмэгтэйчүүд-боловсрол” сэдвээр
  • Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор Б.Батцэнгэл “Жендэрийн тэгш байдал хөгжлийн тулгамдсан асуудал болох нь” сэдвээр
  • МУИС-ийн Боловсролын их сургуулийн багш, доктор, профессор С.Түмэндэлгэр нар тус тус илтгэл тавилаа.

“Гал голомт” хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Д.Мөнхөө илтгэлдээ “Эх , хүүхдийн эрүүл мэндийн тухай асуудал нь улс орны хүн амын төрөлт, өсөлт, үйлдвэрлэх хүчний хөгжил дэвшлийн үндсийг бүрдүүлдэг нийгэм, улс төр, эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий нийгэм-анагаах ухааны нэгдсэн арга хэмжээ юм” гэдгийг онцлон тэмдэглэв.

1918 онд 650 орчим мянган хүн амтай, цэвэр өсөлтгүй, мянган амьд төрсөн хүүхдийн тэн хагас нь ойндоо хүрэлгүй эндэж, амаржиж байгаа арван эх тутмын нэгээс илүү нь төрөхийн хүндрэлээс болж амь насаа алдаж байсныг дурдаж, 100 жилд хүн амын тоо зургаа дахин өссөн түүхэн амжилтыг өгүүлэв.

XX зууны эхэн үетэй харьцуулахад Монгол улсын хүн амын эрүүл мэнд сайжирч, нялхсын эндэгдэл 8 дахин, эхийн эндэгдэл 70 дахин буурч, Монгол улсын хүн ам эрүүлжин залуужиж, дундаж наслалт нь 2,5 дахин нэмэгджээ. Хорьдугаар зуунд Монгол сэргэн мандсаны нэг баталгаа нь эх хүүхдийн эрүүл мэндэд гарсан эерэг өөрчлөлт гэж Д.Мөнхөө илтгэлдээ өгүүлсэн.

1926 онд Улсын төв эмнэлгийн дэргэд Эх нялхсыг хамгаалах газар байгуулж, 1929 онд Эх нялхаст зөвлөлгөө өгөх биеэ даасан анхны үйлчилгээ ажиллаж эхэлснээр эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах цогц тогтолцоо бий болох эхлэл тавигдсан байна. Жил дараалан авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд Монгол улс 1988 онд 2 сая дахь иргэнээ хүлээн авч, өнөөдөр 3.3 сая иргэнтэй болсон нь зуун дамнасан бодлого, энэрэнгүй эх оронч үйлсийн үр дүн гэж тэмдэглэв.

Доктор, дэд профессор Ц.Цэцэгжаргалын илтгэлд өгүүлснээр, 1924 оны анхдугаар Үндсэн хуулиар эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш эрхтэй болж, эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг албан ёсоор баталгаажуулсан нь Монголын эмэгтэйчүүд хувийн хүрээнээс нийгмийн хүрээнд шилжих,тэдний нийгэмд эзлэх байр суурийг өөрчлөх суурь эрх зүйн баталгаа болжээ. Өмнөх нийгмийн хамгийн бурангуй ёс богтлох ёсыг халж, эмэгтэйчүүд өмчийн эрхтэй болж, улстөрийн шийдвэр гаргах түвшинд оролцож эхэлсэн нь Үндсэн хуулиар олгогдсон тэгш эрхийн хүрээнд ирсэн шинэ үзэгдлүүд байв.

Ингэснээр социализмын жилүүдэд шийдвэр гаргах үйл явцад оролцох эмэгтэйчүүдийн тоо эрс өсч, Ардын Их Хурал дахь төлөөлөл 20-иос доошгүй хувьтай болсон байна.

1970-аад оны дунд үе гэхэд орон нутгийн байгууллагуудын удирдах ажилтны 21.9 хувь, шүүхийн бүх ажиллагсдын 25.4 хувь, Ардын Их Хурлын депутатын 22.9 хувь, эвлэлийн гишүүдийн 47.9 хувь,үйлдвэрчний гишүүдийн 43.7 хувийг эмэгтэйчүүд эзлэх болжээ. Энэ үзүүлэлт нь МАН дангаар эрх барьж байх хугацаандаа эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурийг бэхжүүлсний илрэл юм.

МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, профессор Ч.Болдбаатар “Төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо:УБХ-ын жишээн дээр” илтгэлээрээ 1924 оны анхдугаар Үндсэн хууль болон 1940 оны Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан УБХ-ын үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байсныг өгүүлсэн. УБХ-ын гишүүнээр сонгогдоно гэдэг Монголын эмэгтэйчүүд түүхэндээ анх удаа төрийн шийдвэр гаргах түвшинд оролцож буй хэрэг бөгөөд УБХ 1929 оноос дэргэдээ Эмэгтэйчүүдийн хэрэг ажлыг өргөтгөн сайжруулах комисс байгуулж, эмэгтэйчүүдийн эрх чөлөөг хамгаалж, аж байдлыг сайжруулах бодлогыг тодорхойлж, орон нутгуудад салбаруудаа байгуулах ажлыг хийжээ.

Уг комисс нь эмэгтэйчүүдийг сургах, аж байдлыг сайжруулах, улстөрд оролцуулах ,хуучны бурангуй ёсноос ангижруулах олон ажлыг хийж байсан бөгөөд 1932 онд татан буугджээ.

Энэ комисс нь тухайн үед Монголын нийгмийн өмнө тулгамдаж байсан эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэн дээдлэх, тэднийг шинэ цагийн соёл боловсролд сургах, чөлөөтэй ажил хөдөлмөр эрхлэх бололцоо олгох, ерөөсөө Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахад зохих нөлөө үзүүлсэн гэж судлаачид дүгнэдэг байна.

“Эмэгтэйчүүд-боловсрол” сэдвээр доктор Б.Батцэнгэл илтгэлдээ, зуун жилийн монголчуудын түүхийг эргэн харахад бичиг үсэггүй, харанхуй бүдүүлгээс бичиг үсэгт тайлагдсан байдлаараа дэлхийд дээгүүрт жагсах хэмжээнд хүрсэн, боловсрол эзэмших эрхгүй байсан эмэгтэйчүүд боловсрол эзэмшсэн байдал, боловсролын зэргээрээ тэргүүлэх хэмжээнд хүрч чадсан зэрэг амжилт гарчээ. Гэхдээ орчин цагийн Монголын нийгэм дэх хүн амын ядуурал, хавтгайрсан халамжийн бодлого, ажилгүйдэл, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, улс орны эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад Монголын боловсролын үүрэг хэрэгжихгүй байна, боловсролын зорилго биелэгдэхгүй байгаа аж.

Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байгаа загвар болсон улс орнууд болох Европын орнуудаас Герман, Скандинавын орнууд, Хойд америкийн Канад, Азийн орнуудаас Сингапур, Тайвань, Солонгос зэрэг орнуудын хөгжлийн нэгэн чухал үзүүлэлт нь тэгш, хүртээмжтэй боловсролын систем, бүх шатандаа жендерийн тэгш байдлыг хангаж ажиллаж байгаатай холбоотой.

Тиймээс боловсролын салбарт хүйсийн хувьд давамгайлж буй эмэгтэйчүүд боловсролын зорилгоо эргэн харж, Монгол улсаа хөгжүүлэх мэдлэг, чадвартай, хариуцлагатай, зөв ханддагатай хүнийг бэлтгэх эрхэм үүргээ ухамсарлан, охид, хөвгүүдээ жендерийн мэдрэмжтэйгээр өсгөн хүмүүжүүлэх, Монгол улсын ажиллах хүчний хүйсийн тэгш харьцааг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх, боловсролыг тэгш хүртээмжтэй түгээх, боловсролын чанарыг сайжруулахад манлайлан хамтран ажиллах хэрэгтэй байна гэв. Монгол улсын хөгжлийн түлхүүр нь үндэсний сэтгэлгээ, онцлогт тохирсон дэлхийд өрсөлдөхүйц чанартай боловсрол мөн гэж илтгэлээ төгсгөсөн юм.

Боловсролын их сургуулийн багш, доктор, профессор С.Түмэндэлгэр “Жендэрийн тэгш байдал хөгжлийн тулгамдсан асуудал болох нь” сэдэвт илтгэлдээ 2020 оны байдлаар Дэлхийн Эдийн засгийн форумаас гаргадаг жендэрийн зөрүүтэй байдлын үзүүлэлтээр Монгол Улс 153 орноос 79-р байранд оржээ. Үүнд боловсрол, эрүүл мэндийн салбарын үзүүлэлтүүд буюу өмнөх нийгмийн үеэс бүрэлдэн хөгжсөн үзүүлэлтүүд эерэгээр байна. Харин улс төрийн эрх мэдэл, эдийн засгийн оролцоо, насжилтад зэрэг үзүүлэлтүүд хойш татжээ.

Иймээс 1990 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчин бүрэлдэж, үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжилтийг хангаж ажиллах бүтэц төлөвшин хөгжиж байна. Гэвч жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд олсон амжилтаа бататгахын зэрэгцээ хойш чангааж буй олон асуудалд анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолсон юм. Эдгээр асуудал нь эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин буурсан, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал, гэр бүлийн хүчирхийллийн асуудал зэрэг юм.

Хуралдааны төгсгөлд уг эрдэм шинжилгээний хуралд оролцогчид улс орны хөгжлийн 100 жилийн гараа эхэлж буй энэ үед нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэхийн төлөө эмэгтэйчүүд нэгдэн шинэ шатанд ажиллах шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.

Хурлын үеэр НАМЭХ-ны Хүндэт Ерөнхийлөгч Д.Алтай, Ц.Цогзолмаа нар мэндчилгээ дэвшүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ