Вакцинжуулалтын төслийг 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр тохиролцжээ
2021.01.26
Эрүүл мэнд

Вакцинжуулалтын төслийг 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр тохиролцжээ

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын "Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, тахлаас урьдчилан сэргийлэх, вирусын халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулахад шаардлагатай цар тахлын вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулж, худалдаанд гармагц Монгол Улсад импортлох, ард иргэдээ вакцинжуулах чиглэлээр шаардлагатай бэлтгэл ханган ажиллаж байгааг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч танилцуулгадаа дурдаад, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна гэв.

Энэхүү вакцинжуулалтын төслийн хүрээнд нийт хүн амын жар (60%) хүртэл хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяар түгээх, хянах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэхээр болжээ. Үүнээс гадна энэхүү КОВИД-19 вакцин нь өөрөө шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учир тарилга хийх заалт, тарилгын дараах илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, дэмжлэгт хяналт хийх зэрэг арга хэмжээг авахад нийт 8000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгажээ. Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25, үйлчилгээний хураамж 0.75, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь байна гэж танилцуулгад дурдсан байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, коронавирусийн вакцины нийлүүлэлтийг КОВАКС хөтөлбөрөөс гадна олон талтай гэрээ, хэлцэл хийн ажиллаж, нэмэлт санхүүжилтийн төслийг оруулж ирж байгааг дэмжихийн зэрэгцээ энэ төрлийн вакциныг яаралтай оруулж, эрсдэлтэй байгаа бүлэгтээ нэн түрүүнд хийх шаардлагатай байгааг онцлов.

Засгийн газар вакцин худалдан авах Ажлын хэсгийг байгуулж, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх, вакцин үйлдвэрлэгчидтэй шууд харилцаж, гэрээ хэлэлцээр хийн худалдан авалт хийх болон бусад улс оронтой хамтрах гэсэн гурван чиглэлээр ажиллаж байгааг Ч.Хүрэлбаатар сайд хариултдаа дурдаад, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс нэн түрүүнд хамрагдах, нийлүүлэлт хийхэд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж өгсөн гэв. Түүнчлэн вакцин үйлдвэрлэгч орон болох АНУ, Япон, БНХАУ, БНЭУ улсаас гадна вакцин үйлдвэрлэгч “Pfizer”, “AstraZeneca”, “Moderna” компаниудтай нууцлалын гэрээ байгуулж ажиллаж байгаагийн зэрэгцээ ОХУ, БНХАУ-ын вакцин үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байгаагаа онцолсон.

Мөн тэрбээр, хүйтэн хэлхээний дэд бүтцийг бэлтгэж, энэ асуудалд анхаарч ажиллаж байгаад хариултдаа онцлоод, -70 градуст хадгалах “Pfizer” вакциныг нийлүүлбэл Монгол Улс 1 сая 847 мянган тунг, -20 градуст хадгалах “Moderna” вакцин нийлүүлэхэд 2 сая 357 мянган тунг, 2-8 градуст хадгалах “AstraZeneca” вакцинаас 2 сая 516 мянган тунг хүлээн авах, хадгалах боломжтой гэж байлаа.

Ингээд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын "Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ