МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.21
Улстөр

Г.Дамдинням: Ард түмний бухимдал дээр улс төр хийж байгаад харамсч байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дэмжсэн билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтэй холбоотой гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хоёр Засгийн газар толгойлж, ард олныхоо амжилт, бүтээлтэй хамт хүнд цар тахлыг амжилттай туулаад өөрийнхөө хүсэлтээр огцрох гэж байна. 100 жил болж байгаа энэ намаас ардчиллын 30 жилд төрсөн Ерөнхий сайдуудаас хоёр удаа ард түмний уухайлсан дэмжлэгийг авч засаг удирдаж байсан Ерөнхий сайд байгаагүй. Алдаа гарсан. Алдаа дээр нэг зүйлийг хэлж байна. Төрийн албаны гаргасан алдаа дутагдлыг би хамтдаа үүрээд гарна гэж хэлсэн. Энэ нь багаар явж байгаа хүний зарчим мөн.

Хоёр дахь асуудал анхаарал татаж байгаа. Би өмнө нь чуулганы танхимд маш олон удаа хэлсэн. Үүнийхээ хариуг ч одоо дайралтанд өртөөд авч байгаа. Хууль, шүүхийн өндөр албан тушаалтнуудыг томилогдоход нь өргөдлийг нь авч байгаад томилдог, өөрийнхөө хүслээр, өөрийнхөө тааллаар байхгүй бол шударга ёсыг өөрийнхөөрөө хийнэ гэж муйхарлаж зүтгэдэг. Хууль, шүүхийг завхруулдаг байдлыг тэвчихгүй. Энэ асуудлыг хийж байгаа Монгол Улсын ерөнхийлөгчтэй хамтарч ажиллаж чадахгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Энэ асуудлыг олон түмэнд нээлттэй, тодорхой хэлж өгөх хэрэгтэй байна.

Ард түмний уур бухимдал байгаа. Дэлхий даяараа цар тахлыг айдас, бухимдалтай давж байна. Дэлхий нийтээр нийт хоёр жилийн хугацааг үдэж байна. Үүний бүтэн нэг жилийг корона вирусийг оруулж ирэхгүйгээр Засгийн газар хийж чадсан. Ойрын хэдэн сард 11-р сарын 11-ээс дотоод кейс орж ирээд нэлээдгүй арга хэмжээг авч байгаа.

Ард түмний бухимдал дээр улстөр хийж увайгүй байдал үүсгэж байгааг бүгд харсан. Залуучууд өөр болж байгааг харж байгаа байх.

Намайг шударга дуугараарай гэж сонгосон юм. Тийм учраас би зоригтой дуугарч байгаа. Үүнийхээ хариуг ойрын хэдэн өдөр авч байгаа. Та нар шиг хулгай хийж бизнес хийгээгүй, хүн шиг зүтгэж, амьдрахын төлөө тэмцэж, амьдрал ахуйгаа авч явж байгаа аавын хүү. Үүнийхээ төлөө хэнээс ч ичихгүй, та нарын дайралтаас болж шударга ёсны тэмцлээсээ ухарна гэж байхгүй. 

У.Хүрэлсүх сайд парламентийнхээ танхимд ороод ир. Шударга ёсыг тогтоох ажилдаа мөр зэрэгцээд, хамтдаа энэ нөхдүүдтэй тэмцэцгээе. Танд амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ