2021.01.19
Улстөр
Д.Тогтохсүрэн: “Өрх бүрд нэг сая төгрөг” олгох тогтоолын төслийг дэмжсэн, дэмжээгүй гэх шийдвэр гаргаагүй
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр цахимаар хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн барьсан “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцсэн.
Улмаар бүлгийн гишүүд уг тогтоолын талаар санал бодлоо хэлж, гишүүдийн олонх нь холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж, ярих нь зүйтэй гэж үзсэн талаар мэдээлсэн.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн уг асуудлаар тодруулга хийлээ.
Тэрбээр "Ерөнхийлөгчөөс өргөн барьсан “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох асуудлыг сайтар судалж, нухацтай авч үзэх ёстой. Энэ асуудлаар бүлэг дэмжсэн, дэмжээгүй гэх шийдвэрээ гаргаагүй байна. Учир нь нэгдүгээрт, санхүү эдийн засгийн тооцооллыг сайтар хийж, Засгийн газартай санал солилцох хэрэгтэй байна. Эдийн засгийн хувьд бололцоо нөхцөл байна уу, үгүй юу гэж. Хоёрдугаарт, үнэхээр тэр оффшорын мөнгө төгрөг нь орж ирсэн үгүйг нь бас судална.
Ялангуяа АТГ болон прокурорын байгууллагаас асууж тодруулах зүйлүүд байна. Гуравдугаарт, эрхзүйн хүрээнд авч үзэх ёстой юм байна. УИХ болон Дэгийн тухай хуулиар дээрх тогтоолын төсөл хууль эрхзүйд нийцэж байна уу үгүй гэдгийг авч үзэх хэрэгтэй байна. Тиймээс санал боловсруулаад, дахин Бүлгийн хурлаар хэлэлцээд, байнгын хороодоор хэлэлцүүлэх зөв юм байна" гэлээ.
ШИНЭ МЭДЭЭ
Аваргууд шагналаа гардан авлаа
2021.03.05