МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Ганбаатар: Мөнгөний бодлогын хүүг 3 хувьд хүргэх шаардлагатай
2020.12.16
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Мөнгөний бодлогын хүүг 3 хувьд хүргэх шаардлагатай

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.

Цар тахлын үед төр засгийн зүгээс өнөөг хүртэл авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хэр оновчтой шийдэл гэж та бизнес эрхэлж байсан гишүүний хувьд харж байна вэ?

Хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах чиглэлд Засгийн газар УОК, НОК муу ажилласан гэж хэлэхгүй. Чадлаараа л ажиллаж байна. Бусад улс орнуудтай адил өвчний тархалтыг барихын тулд хөл хориог өнгөрсөн хугацаанд тогтоолоо. Хөл хорионоос үүдсэн нийгэм, эдийн засгийн хүндрэл манайд хүндхэн цохилт болсон нь үнэн. Сангийн сайд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагуудын хэлж байгаагаар бол “Зөөлөн газардаж байна” гэж хэлж байгаа. Хөл хорио ААН-үүдэд 80-90 хувийн хүнд цохилт өгсөн. Ялангуяа аялал жуучлал дагасан үйлчилгээний салбарууд өнгөрсөн хоёрдугаар сараас хойш үйл ажиллагаа нь хязгаарлагдмал байлаа.

УИХ-ын даргын захирамжаар Цар тахлын үед нийгэм, эдийн засгийг хүндрэлийг давах гурван ажлын хэсэг байгуулагдсаны нэг ажлын хэсгийг нь миний бие ахлаад ажиллаж байна. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд хөл хориог сулруулах мөн иргэдийн зээлийн хүүг гурван сараар тэглэх, хадгаламжийн хүүг зогсоох зэрэг саналуудаа илэрхийлж байсан.

Манай ажлын хэсэг хуралдаж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тодорхой саналуудыг хүргүүлснийг та бүхэн мэдэх байх. Хямралын энэ үед иргэд бага хүүтэй зээл хүсч байна. Бизнесийн үйл ажиллагаа эрхлэх гээд хөл хорионоос өмнө зээл авчихсан иргэд, ААН-ийн хувьд өөрөөс шалтгаалахгүйгээр тухайн бизнес нь гацсан байдалтай өдрөөс өдөрт улам хүндэрч байна. Энэ тохиолдолд төрийн бодлого, дэмжлэг зайлшгүй шаардлагатай.

Монголбанкнаас 230 тэрбум төгрөгийг 6.5 хувийн хүүтэй санхүүжилт банкуудад олгож эхэлсэн. Энэ нь цаашаа арилжааны банкнуудаас зээлдэгч рүү очихдоо зээлийн хүү жилийн 10.5 хувиас ихгүй байх юм.

Өөрөөр хэлбэл, энэхүү репо санхүүжилтийн хүрээнд арилжааны банкуудын сайн зээлийг Монголбанк үнэт цаасжуулан, худалдаж авч арилжааны банкуудад урт хугацааны санхүүжилт олгож байгаа гэсэн үг.

Анх удаа зах зээлд нэвтрүүлж буй урт хугацаатай репо санхүүжилт бодит сектортоо хүрч байгаа эсэх нь хамгийн чухал. Үүнд Эдийн засгийн байнгын хороо хэр анхаарч байна вэ?

Тэгэлгүй яахав. Эдийн засгийн байнгын хорооноос барьж байгаа гол чиглэл бол дээрх санхүүжилтээр аль болох өмнө нь авсан өндөр хүүтэй хуучин зээлүүдийн жилийн хүүг 10.5 хувь руу бууруулахыг хүсч байгаа. Өмнө нь зээл аваад бизнесийн үйл ажиллагаа нь хүндэрсэн хүмүүсийг энэ үед анхаарах нь чухал шүү дээ.

Харин шинээр олгохдоо 300 сая төгрөг хүртэлх зээлийг үйлчилгээний салбарынхан, 1 тэрбум төгрөг хүртэлх зээлийг экспортод чиглэсэн үйлдвэрийн салбарынханд олгогдоно.

Урт хугацаатай репо санхүүжилтээр энэ онд хэдэн төгрөг олгогдсон бэ? Ирэх онд энэ санхүүжилтийн хэмжээ ямар байх бэ?

2020 онд 230 орчим тэрбум төгрөг олгогдсон бол 2021 онд нэг их наяд төгрөгийг репо санхүүжилтэд зориулахаар төлөвлөсөн.

Ерөнхийдөө цар тахлын үед эдийн засгийн хүндрэлийг зөөллөхөөр энэхүү арга хэмжээг Монголбанкнаас авч хэрэгжүүлж байна.

Бодлогын хүүг 6 болгож бууруулсан нь Монголбанкны зүгээс хийсэн нэлээд зоримог алхам байлаа. Ингэж буулгаснаар ямар үр дүн гарна гэж тооцоолсон бэ?

Монголбанкны үүрэг бол зах зээлд мөнгөний олдоц их байх уу бага байх уу гэдийг мөнгөний бодлогоороо дамжуулж шийддэг байгууллага. Бодлогын хүү өндөр байх хэрээр арилжааны банкууд зах зээлээс мөнгөө татна, эсрэгээр мөнгөний бодлого бага хувьтай байхад банкууд эх үүсвэрээ үнэт цаасанд байршуулбал өөрсдөө алдагдал хүлээх учраас эх үүсвэрээ чөлөөлж зах зээл рүү гаргана. Энэ талаас нь бодож мөнгөний бодлогын хүүг зургаан хувь болгож бууруулсан. Гэтэл зах зээл рүү гарах ёстой мөнгө нь буцаад Төв банкинд улам нэмэгдээд байгаа нь сайн үзүүлэлт биш.

Өнөөдөр төв банкинд 7.2 их наяд төгрөгийг үнэт цаас хэлбэрээр арилжааны банкнууд байршуулсан байна. Энэ мөнгийг чөлөөлж зах зээл рүү гаргахыг зорьсон. Гэтэл эсрэгээрээ банкууд эх үүсвэрээ зах зээл рүү гаргахад хойрго хандаж байна.

Үүнд арилжааны банкуудыг шууд буруутгах боломжгүй юм. Эдийн засаг хумигдаж, зах зээл зогсонги энэ үед шинээр зээл авах хүмүүсийн тоо буурч, арилжааны банкууд шинэ зээл гаргах сонирхол нь багассантай ч холбож үзэх ёстой юм.

Энэ 7.2 их наяд төгрөгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой гэсэн үг үү? Та тодруулж өгнө үү.

Төв банкны бодлогын хүү 6 хувь гэдэг өндөр тоо. Мөнгөний бодлогын хүү нь зургаан хувь байдаг улс дэлхийд цөөхөн. АНУ-д гэхэд мөнгөн бодлогын хүү нь 0 хувь байх жишээтэй. Арилжааны банкууд нь Төв банкиндаа мөнгөө хадгалуулаа гэхэд мөнгийг нь хадгалсны төлөө хураамж авдаг. Цаашид мөнгөний бодлогын хүүг гурван хувь хүртэл бууруулах шаардлагатай. Ингэж байж Төв банкнаас арилжааны банкуудын эх үүсвэр чөлөөлөгдөнө. Банкуудын эх үүсвэрийн 7.2 их наяд төгрөг Төв банкид зүгээр хэвтэж байх бус иргэд, ААН-үүдийн гар дээр очиж эдийн засгийн эргэлтэд орох нь өнөөдөр хамгийн чухал. Хоёрдугаарт, Засгийн газар сайн нөхцөлтэй үнэт цаас гаргах хэрэгтэй.

"ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭТ ЦААС ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА"
Яагаад Засгийн газар үнэт цаас гаргах шаардлагатай гэж?

Дээр хэлсэнчлэн, Төвбанкинд арилжааны банкуудын 7.2 их наяд төгрөг байршихаас гадна тухайн банк бүрт тодорхой хэмжээний мөнгө байгаа. Зах зээлд эргэлдэхгүй царцанги байгаа эдгээр сул мөнгийг чөлөөлөх ёстой. Хөдөлгөөнд оруулахын тулд Засгийн газар үнэт цаас гаргах шаардлагатай байна. Засгийн газар үнэт цаас гаргаснаар арилжааны банкууд эх үүсвэрээ Төв банкин дээр үнэт цаас хэлбэрээр байршуулах уу эсвэл Засгийн газрын бондыг авах уу гэдэг сонголтыг хийнэ. Их хэмжээний мөнгөнд нэг хувийн хүүний зөрүү маш өндөр.

Банкуудын 7.2 их наяд төгрөгийн эх үүсвэр Засгийн газрын үнэт цаас руу шилжвэл энэ мөнгийг Засгийн газар эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ гэсэн үг.

Гэхдээ бондын мөнгийг арилжааны банкуудаар дамжуулж эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэж би хувьтай үзэхгүй байна. Яагаад гэвэл банкуудыг дэмжсэн бодлого болох, эсхүл тэгж ойлгогдож магадгүй юм. Засгийн газрын тусгай сангууд олон бий. Энэ сангуудаар дамжуулж ААН, бизнес эрхлэгчдэд 3 хувийн хүүтэй зээл олгож болно шүү дээ. Арилжааны банкуудаар дамжуулбал, зээлдэгчид очихдоо шаардлага, нөхцөл, хүү нь өндөрсчихдөг. 

Жишээ нь, 100 сая төгрөгийн зээл авахын тулд 200-300 сая төгрөгийн барьцаа хөрөнгө шаарддаг гэж иргэдийн хэлдэг шүүмжлэл үнэний ортой. Тиймээс эдийн засгийн энэ хүнд үед төр хариуцлагаа хүлээгээд Засгийн газрын тусгай сангаараа дамжуулах нь зөв болов уу гэж бодож байна.

Та энэ саналаа Засгийн газарт илэрхийлсэн үү?

Сангийн сайдад хэлсэн. Сангийн сайдын хувьд эрс эсэргүүцээгүй. Хувилбар байж болно, нөхцөл байдлыг харъя гэсэн гэсэн байр суурьтай байна лээ.

Хадгаламжийн хүүг тэглэх саналыг та Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр гаргасан. Эдийн засагчдын хувьд “Хадгаламжийн хүүг тэглэснээр сүүдрийн эдийн засаг бий болох эрсдэлтэй” гэсэн байр суурийг илэрхийлдэг?

Банкны системд нэг тэрбумаас дээш хадгаламжтай харилцагч нийт хадгаламж эзэмшигчдийн маш бага хувийг эзэлдэг. Үлдсэн нь 10-100 сая төгрөгийн хадгаламж эзэмшдэг гэсэн мэдээллийг Монголбанкнаас өгсөн. Миний зүгээс 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай харилцагчдын хүүг нь гурван сар тэглэе гэсэн саналыг байнгын хорооны хуралдаанаар гаргасан. Банкны секторынхоны хувьд арай өөр байр суурьтай байдаг. Төрд мөн банканд итгэх итгэл суларна гэж банкны салбарынхны хэлдэг нь бас бодох л зүйл. Хадгаламжийн хүү өндөр байгаа нь үнэн. Хадгаламжийн хүүг бууруулах ёстой.

Мөнгөө банканд хадгалуулаад мөнгө хүүлдэг байж болохгүй. Хадгаламжийн хүү, зээлийн хүү өндөр байх эсэхтэй шууд хамааралтайг хүн болгон мэдэх болов уу. Хүн хөдөлмөрлөдөг байх ёстой л гэдэг зарчмыг би баримталдаг.

Ерөнхийлөгчийн зүгээс ирэх оны төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээж аваагүй. Төсөвт тодотгол хийх нь цаг хугацааны асуудал болж байна. Төсөв тодотгох асуудалд Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд ямар байр суурьтай байна вэ?

Он гаргаад төсвөө тодотгож таарна. Гагцхүү хэзээ вэ гэдэг нь эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарах байх.

Ерөнхийлөгч Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулж Оюутолгойн орлогыг Монголбанкаар дамжуулах хуулийн төслөө яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад хандсан. Та үүнийг дэмжиж байгаа юу?

Энэ асуудалд олон талаас нь судалгаатай хандаж, улс төрийн шийдвэр гаргах хэрэгтэй. Монгол Улсын баялгийн мөнгө дотоодын банкаар дамжих ёстой гэдэг нь зарчмын хувьд бол зөв. Нөгөө талаасаа Оюутолгойн төслийн гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргүүд нэг талтай байсныг харуулна.

Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг өмнөх парламентад хамтатган хэлэлцэхээр болж өнгөрсөн хавар Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсан. Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан.

Гэхдээ энэ хуулийн үндсэн зорилго нь Оюутолгойн орлогыг Монголбанкаар дамжуулах гэхээс илүүтэй валютын харилцааг зохицуулахад чиглэгдэж байгаа. Валютын зөв тогтолцоог бий болгож, валютын ханш, төгрөгийн үнэгүйдлээс хамгаалахад энэ өргөн барьсан хуулийн төсөл чухал ач холбогдолтой юм.

Сэтгүүлч: Ш.АДЪЯАМАА

ШИНЭ МЭДЭЭ