МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг шинэчилнэ
2020.12.25
Гадаад харилцаа

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг шинэчилнэ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.12.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав.

Нийгмийн бодлогын байнгын хороо уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын С.Ганбаатар, Ж.Сүхбаатар, Х.Болорчулуун, Н.Наранбаатар, О.Цогтгэрэл,  П.Анужин, Т.Энхтүвшин нар салбарын сайд болон Байнгын хорооноос асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, ажлын байрны төлбөрийн доод хэмжээг хуулиар тогтоож, салбарын онцлогийг харгалзан Засгийн газар ялгаатай тогтоох боломжийг хуулийн төсөлд зохицуулж өгсөн. Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулиар ногдуулж, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс орон нутагт төлж буй гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулсны ажлын байрны төлбөрийн асуудлыг хөндөөгүй.

Мөн Монгол Улсын иргэнийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ эрхлэх харилцааг нарийвчлан зохицуулсан. Тусгай зөвшөөрлийг тухайн улсын эрх бүхий байгууллагатай гадаадад ажиллах хүч илгээх гэрээ байгуулсан, санхүүгийн болон хүний нөөцийн чадавхтай хуулийн этгээдэд олгох юм. Түүнчлэн зуучлуулагчийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлэх, учирсан хохирлыг бууруулах, барагдуулах асуудлыг шинээр тусгасан. Зуучлалын хөлсний нийт хэмжээ нь зуучлуулагчийн зуучлагдах ажлын байрны нэг сарын хөдөлмөрийн хөлснөөс хэтрэхгүй байхаар тогтоож, зуучлалын зардлын дийлэнх хэсгийг ажил олгогч хариуцахаар зохицуулсан гэдгийг хэллээ.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, М.Оюунчимэг, С.Чинзориг, П.Анужин, Н.Энхболд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ