Хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа
2020.12.04
Хууль, эрх зүй

Хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал 

Нэг. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага 

Монгол Улсын Их хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага тулгарсан. Ялангуяа шүүх эрх мэдлийн хүрээн дэх эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд хугацаа алдалгүй нийцүүлэх шаардлагатай байна. 

Шүүхийн хараат бус байдал, шүүгчийн бие даасан байдлыг хангах болон шүүх эрх мэдлийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын хариуцлага хүлээх механизмыг сайжруулах нэрийн дор хийсэн хуулийн зарим өөрчлөлтүүд нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй, эсрэгээрээ ардчиллын үнэт зүйл болсон төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, хууль ёсны зарчим, шүүхийн хараат бус байх зарчмыг гажуудуулжээ. Үүнээс үүдэн хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс хараат бус, бие даасан байх учиртай шүүх, шүүх эрх мэдлийн байгууллага дахь улс төрийн болон гүйцэтгэх эрх мэдлийн хөндлөнгийн нөлөөлөл улам бүр газар авч, Монгол Улсад шударга, хараат бус шүүхээр шүүлгүүлэх, эрхээ хамгаалах боломж үгүйсгэгдэх болов. 

Монгол Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолыг баталжээ. Уг тогтоолын хавсралтын “Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт” гэх 3 дугаар бүлгийн 3.2 дугаар зүйлд зааснаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2020 онд багтаан батлах хуваарьтай байна. 

Түүнчлэн 2020 онд Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьсан Шүүхийн багц хуулийн төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, чөлөөлөх дүгнэлт гаргах эрх хэмжээг оруулаагүй нь Засгийн газраас шүүгчийн хараат бус байдлыг хангах асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Үндсэн хуульд нийцээгүй эрх хэмжээ, дур зоргийг хязгаарлах ёстой гэх бодлогоо нэгэнт зарласан хэрэг гэж үзэж байна. 

Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзсэн бөгөөд өөрчлөлт оруулах хуулийн хүрээнд дараах асуудал байна: 

  • Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасан ба Үндсэн хуульд Ерөнхийлөгч нь бүх шатны шүүгчийг томилох, чөлөөлөх шийдвэр гаргахаас бус тэдгээрийг томилох, чөлөөлөх саналыг өөрөө гаргах, тийнхүү санал дүгнэлт гаргах урьдчилсан үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувиар оролцох бүрэн эрх байхгүй байна. 
  • 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад Шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэх нэмэлт орсон билээ. Тус Үндсэн хуулийн нэмэлтийн дагуу бүх шатны шүүхийн шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах эрх хэмжээг гагцхүү Шүүхийн сахилгын хороонд олгосон байх бөгөөд зөвхөн Үндсэн хууль, шүүхийн тухай хуулиар эдлэх шүүгчийг албан тушаалаас түдгэлзүүлэх, огцруулах бүрэн эрхийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд олгосон нь Үндсэн хуульд нийцэхгүй байна. 
  • Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэж, мөн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гэж заасан. Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бие даасан байх бөгөөд шүүх эрх мэдлийг аливаа байгууллага, этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “шүүхийн бие даасан байдлын зарчмыг алдагдуулсан, дордуулсан хууль тогтоомж болон захиргааны акт гаргахыг хориглоно” гэж тус тус нарийвчлан заажээ. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндсэн хуулийн бус аргаар шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болон шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтлахгүйгээр дур зоргоороо шийдвэр гаргах эрх зүйн үндсийг бүрдүүлжээ. 
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж нь хууль зүйн хүчин чадлын хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлаас батлан гаргах хууль, бусад шийдвэрээс доогуур эрэмбэлэгдэж, зөвлөмжийн шинж чанарыг агуулна. Гэтэл хууль зүйн хүчин чадалгүй зөвлөмжийг үндэслэн шүүгч, Монгол Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг албан тушаалаас түдгэлзүүлж байгаа нь Үндсэн хуульд заасан хууль ёсны байх зарчмыг гажуудуулсан байна. 
  • Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.1, 3.4.3 дахь заалтад үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал орохоор заасан. Гэтэл үндэсний аюулгүй байдлыг хангах, хамгаалах чиг үүрэгтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, хууль дээдлэх зарчмыг гажуудуулсан, шүүгчийн хараат бус байдалд халдсан үйл ажиллагаа явуулахыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын тухай хууль, Авлигын эсрэг хуулиар зөвшөөрсөн нь Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Шүүх эрх мэдлийн хараат бус байдал, эрх зүйт төрийн амин сүнс болсон зарчимд ийнхүү халдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрх ноцтой зөрчигдөж, иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал алдагдах нөхцөл бий болоод байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн зохицуулалтыг хүчингүй болгож, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ. 

НҮБ-ын Хүний эрхийг хамгаалагч болон шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал хариуцсан тусгай илтгэгчдийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн OL MNG 1/2019 тоот зөвлөмжид “1974 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлд заасан танай Засгийн газрын хүлээсэн үүргийг сануулахыг хүсч байна. Уг зүйлд “Хүн бүр хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, шударга шүүхээр нээлттэй, алагчлалгүй шүүлгэх эрхтэй” гэж заасан. Гэтэл шүүгчийг чөлөөлөх ажиллагаанд ҮАБЗ-ийг оролцуулж байгаа нь эрх мэдэл хуваарилах болон шүүх эрх мэдлийн хараат бус байх зарчмыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Иймд шүүх болон прокурорын байгууллагын хараат бус байдалд ҮАБЗ-ийн хөндлөнгөөс оролцох оролцоог зогсоох байдлаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Прокурорын байгууллагын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг оруулах” талаар зөвлөсөн байна. 

Мөн Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт хүний эрхийн газраас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өгсөн санал дүгнэлтэд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхийлөгч тэргүүлж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд ордог байх бөгөөд ийнхүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь шүүгчийн хараат бус байдлыг ганхуулах, гүйцэтгэх эрх мэдлийн зүгээс зохисгүй хөндлөнгийн нөлөө үзүүлэх нөхцөл үүсгэх асуудлыг хөндөж байна. Иймд Монгол Улс шүүх эрх мэдлийн байгууллагатай холбоотой асуудалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн оролцоог эргэн харж, шүүгчийн бие даасан байдлыг хамгаалж баталгаажуулсан заалт оруулахыг зөвлөж байна.” гэжээ. 

Шүүгч, шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас хараат бусаар шударга ажиллах, хариуцлагын тэнцвэрт байдлыг хадгалах эрх зүйн орчинг бүрдүүлэхэд тус хуулийн төсөл нь томоохон үүрэг гүйцэтгэнэ. 

Иймд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд ноцтой халдсан хуулийн заалтыг хүчингүй болгож, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд холбогдох бусад хуулийг нийцүүлэх болон Засгийн газрын нэгдсэн бодлогыг дэмжих зорилгоор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлах нь зүйтэй гэж үзлээ. 

Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1 дэх заалтад “тухайн асуудлыг гагцхүү хуулиар зохицуулахаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан бол хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах судалгаа хамаарахгүй” гэж заасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т “Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна”, 56 дугаар зүйлийн 56.3-т “Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэжээ. 

Ийнхүү Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.1, 3.4.3 дахь заалтыг үндэслэж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсрууллаа. 

Хоёр. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал 

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд бүрэн нийцэж, шүүгч, шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлагын бүрэн эрхийг үндэслэлгүйгээр түдгэлзүүлэх хууль зүйн үндэслэл арилж, шүүх эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас хараат бусаар ажиллах нөхцөл боломж бүрдэнэ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан төсөв, санхүүгийн ямар нэгэн зардал гарахгүй юм. 

Гурав. Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн уялдах, түүнийг сайжруулах зорилгоор цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хууль тогтоомжийн талаар 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь хоорондоо нягт уялдсан байхын сацуу Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай нийцсэн байна. 

ШИНЭ МЭДЭЭ