Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2020.12.16
Улстөр

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.16) хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ агуулга, дэс дарааллыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийж төслүүдийн эцсийн хувилбарыг боловсруулжээ. Мөн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу зарчмын зөрүүтэй зарим саналын томьёоллыг гүйцээн боловсруулжээ. Тухайлбал, төслийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг хасах, Дүүргийн чиг үүргийг өөрчлөн найруулах, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийг “улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах үүрэг бүхий улс төрийн нам, эвсэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтцэд аливаа хэлбэрээр зохион байгуулалтын нэгж байгуулахгүй. Энэ хэсгийг 2024 оны ээлжит сонгуулийн дараагаас эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах талаар болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу төслийн 12 дугаар зүйлд 12.9.1 дэх заалт нэмэх гэснийг, 7 дугаар зүйлд 7.2 дахь хэсэг нэмэх гэснийг тус тус хасах, мөн төсөлд 6 дугаар бүлэг нэмж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааны асуудлыг зохицуулах “77.1 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн гадаад бодлогын нэгдмэл байдлыг баримталсан байна”, “77.2 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд гадаад улсын адил түвшний байгууллага, эсвэл олон улсын байгууллагатай байгууллага хоорондын гэрээ байгуулж болох бөгөөд гэрээг байгуулахдаа гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэсэн зүйлийг нэмэхээр Байнгын хорооны эцсийн хэлэлцүүгийн үед санал хураалган шийдвэрлүүлэхээр бэлтгэжээ.

Санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзэв. Ингээд нэгдсэн хуралдааны үеэр төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ