МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Өнөрболор: Хөл хөдөлгөөн хоригдсон үед нийгмийн туслалцаа буюу фүүд банк системийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай
2020.12.03
Эдийн засаг, Худалдаа

Д.Өнөрболор: Хөл хөдөлгөөн хоригдсон үед нийгмийн туслалцаа буюу фүүд банк системийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай

Эх сурвалж: Өдрийн сонин   Сэтгүүлч: Р.Хишигжаргал

УИХ-ын гишүүн Д.Өнөрболортой ярилцлаа. 

-Та УИХ-ын чуулганы хуралдаанд Засгийн газар, УОК-т БНСУ-ын цар тахалтай тэмцэж байгаа туршлагаас орчуулан эмхтгэж санал болгон өгч байгаагаа хэлж байсан. БНСУ ковидтой хэрхэн тэмцсэн байна вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

- Ер нь ганц БНСУ гэлтгүй юм. Дэлхий нийтээр энэ өвчин бидний амьдралын хэвшлийг орвонгоор нь эргүүлж, цүнхэндээ түрийвч, үнэмлэх, түлхүүр төдийхөн авч явдаг байсан бол одоо амны хаалт, гар ариутгагч хоёр хамгаас чухал зүйл боллоо. Цаг агаарын мэдээ чухал уу, коронавирусны тархалтын мэдээ чухал уу ч болж байх шиг. Тэгэхээр дэлхийн хүмүүс цар тахлын мэдээллээ, улс орны засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ байнга солилцож, мэдээлж, дэлхийн хэвлэлүүдийн бодит танин мэдүүлэх ач холбогдол үнэхээр өндөр болж ирж байна. Бид шүүрдэж олж авч л чадвал сайн туршлага хаа сайгүй бий. Түүнийг өөрийн нөхцөл байдалд нутагшуулж авах нь юу юунаас илүү чухал. Би нэлээд хэдэн орны Засгийн газрын арга хэмжээг судалж үзсэн.

БНСУ-ын хувьд арай амьдралд ойр ч юм шиг, прагматик, бас шаргуу, нухацтай, хурдтай, шинжлэх ухаанч, уян хатан байдалтай ажилласан нь надад таалагдсан юм. Хөл хорионы энэ хэд хоногт БНСУ-ын цар тахлын үеийн засаглалын менежментийн талаарх 101 хуудастай " COVID-19 хариу арга хэмжээний тайлан ба 2020 оны төсвийн тодотгол" -ын шаардлагатай мэдээллийн хэсгээс орчуулан эмхтгэж Засгийн газар, УОК-т хүлээлгэн өгөхөөр бэлтгэж бэлэн болголоо. Энэ нь юугаараа ач холбогдолтой гэхээр БНСУ-ын Засаг захиргаа холбогдох байгуулгуудын цар тахлын үеийн онцгой нөхцөл байдалд нотолгоонд суурилсан төлөвлөлт хийж, эрсдэлийн байнгын үнэлгээ хэрэгжүүлж, Спрингс \халдвартай өвчтөнөө тусгаарлан ялгаж үйлчилгээ үзүүлэх\ эмнэлгийн зохион байгуулалтыг шинээр бий болгож, нийгмийн ёс зүйг дээдэлсэн итгэлцлийг хадгалахын төлөө уйгагүй ажиллаж, тахлын эсрэг хариу арга хэмжээний хувилбарт бодлогууд гаргаж ирж, эдийн засгийн төлөв байдлаа сэргээх стратегийг цаг алдалгүй хэрэгжүүлж ирсэн туршлагаас суралцах нь зүйтэй гэж үзсэн. 

- Манай улс дотооддоо цар тахлыг алдлаа. Одоо ямар арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж та бодож байна вэ?

- Манай Улсын хувьд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар чадал боломжоороо л ажиллаж байна. Ялангуяа манай улс шиг хүн ам цөөн, эдийн засгийн чадамж хязгаарлагдмал, өргөн уудам нутагт тархан суусан хүн амтай, дэд бүтцийн хөгжил сул хөгжсөн оронд онцгой нөхцөл байдалд авч хэрэгжүүлэх арга хэмжээ нэлээн хязгаарлагдмал өвөрмөц бололтой юм. Эхлээд бодит байдлаа тодорхой, бодитой харах хэрэгтэй. Хэд хэдэн зүйлийг би онцолж хэлмээр байна.

 МУ-ын Засгийн газар цар тахлаас эрт үед амжилттай сэргийлж ирсэн. Харин эмнэлгийн байнгын үзлэгт хамрагдах шаардлагатай хүмүүсийн 17 хувь нь ковидоос болж огт хамрагдаж чадахгүй байгаа судалгаа гарсан байна. Суурь өвчлөл цар тахалд маш их нэрмээс болно. Өрхийн орлого буурч, хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа мах, гурил, сүүн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор хүнсний хэрэглээ буурсан үзүүлэлттэй байна. Хүнсний нөөц айл өрх бүрт харьцангуй багасжээ. Цэцэрлэг, сургууль хаагдсаны улмаас сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдтэй айл өрхүүдийн хүнсний хэрэглээ нэмэгдсэн.

Залуу өрхүүд хөдөөнөөс Улаанбаатар хотод шилжин суурьшсан, өрх толгойлсон, малчид, хүнсний талоноор амьдарч байгаа өрхүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ядууралд, өвчлөлд хамгийн их эмзэг, өртөмтгий байна. Үүн дээр нэмэгдээд залуучууд нийгмийн даатгалд хамрагддаггүй, хуримтлалгүйгээс үүдэн ядууралд өртөх эрсдэл өндөр боллоо. Сэтгэл зүйн стрессийн төвшин нэмэгдэж байгаа тухай ч мэргэжилтнүүд хэлж байна. Нийгэм даяар хөл хөдөлгөөн хоригдсон үед ядаж нийгмийн туслалцаа буюу пүүд банк системийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай.

Энэ нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд илүүдэл хүнсээ боломжит хувилбараар сайн дурын үндсэн дээр тараах систем юм. Халдвар хамгаалалтын нарийн системийг мартаж болохгүй. Сэлэнгийн эмэгтэйчүүдтэй хамтраад "Сэтгэлд гал байхад, зууханд гал олдоно" чин сэтгэлийн дэмжлэг амжилттай үргэлжилж байна. Ерөнхийдөө бизнес эрхлэгчдэд хүндээр тусаж байна. Энэ нь макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдээс илэрхий харагдаж байгаа юм. Эдийн засгийн нөхцөл байдал доройтож, борлуулалт үргэлжлэн буурна, хил хаагдсаны улмаас нийлүүлэлтийн гинжин хэлхээнд тасалдал гарсан нь орц, түүхий эд худалдан авахад нөлөөллөө. Нийлүүлэлт хамгийн багадаа долоо хоног тасалдсан бол олон аж ахуй нэгж тодорхой хугацаанд үйл ажиллагаагаа зогсох гутрангуй төсөөлөлтэй байна.

Дэлхий ноолуурын эрэлт эрс буурч, малчид санаа зовниж байна. Ийм учраас юуны өмнө хүнээ хамгаалах хэрэгтэй. Халдвараас ч, өлсгөлөн ядуурлаас ч, хүчирхийллээс ч, стрессээс ч хамгаалах шаардлагатай. Худалдаа үйлчилгээ, оёдол, нэхмэлийн салбар гэх мэт цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн салбаруудад эмэгтэйчүүд ихэвчлэн ажилладаг болохыг энд хэлэх нь зүйтэй. Ноцтой хохирол амссан бизнес эрхлэгчид, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хамгаалах хэрэгтэй байна. Төсвийн зохицуулалт шаардлагатай болно байх. Эдийн засгийг сэргээхэд зайлшгүй шаардлагатай стратеги болгож буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээл олгоход хүчин чармайлт гаргах шаардлагатай. Иргэдийн бизнесийн тасралтгүй байдлыг хангахад төрийн үүрэг бас бий. Энэ бүхний шийдлийг олоход бид бусдын туршлагаас суралцах л хэрэгтэй. 

- Ковид-19 цар тахлын дараах нийгэм, эдийн засаг хэрхэх бол? 

- Дэлхий даяараа, улс орнууд иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад улам бүр хүчээ нэгтгэсэн, худалдааны нээлттэй, ил тод бодлогоор хоорондоо холбогдсон, үйл ажиллагаагаа тэлсэн шинэ холболтын бодлого хэрэгжүүлэх болов уу.

Энэ бол цар тахлын сургамж ч гэж хэлж болно. Би ганцхан жишээ дурдъя. Саяхан "Бүс нутгийн иж бүрэн түншлэл" буюу Ази - Номхон далайн орнууд дэлхийн хамгийн том худалдааны эвслийг бий болголоо. Зүүн Өмнөд Азийн үндэстнүүдийн холбооны \ACEAH\ хуралдааны үеэр хэлэлцээрт эцэслэж гарын үсэг зурлаа. 15 улс дэлхийн эдийн засгийн бараг гуравны нэгийг хамарсан дэлхийн хамгийн том худалдааны болохыг байгуулж байна. Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэл  нь Зүүн Өмнөд Азийн 10 улс болон Өмнөд Солонгос, Хятад, Япон, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсаас бүрдэж байна. RCEP-ийн гишүүд нь дэлхийн амны гуравны нэг, дэлхийн нийт дотоодын бүтээгдэхүүний 29 хувийг бүрдүүлж байна.

Уг чөлөөт худалдааны нэгдэл нь хэмжээгээрээ АНУ, Мексик, Канадын хэлэлцээр болон Европын холбооноос давах төлөвтэй гэж судлаачид бичиж байна. 20 жилийн хугацаанд импортын олон төрлийн тарифыг тэглэх зорилготой. Тус хэлэлцээрт оюуны өмч, харилцаа холбоо, санхүүгийн үйлчилгээ, цахим худалдаа, мэргэжлийн үйлчилгээтэй холбоотой заалтууд орсон. Гэхдээ бүтээгдэхүүн хаанаас гаралтай болохыг албан ёсоор тодорхойлох "гарал үүслийн шинэ дүрэм" хамгийн их нөлөө үзүүлэхээр байна. Энэ аварга том системд Хятад, Япон, Өмнөд Солонгост илүү их ашигтай тусах магадлалтай гэж зарим шинжээчид үзэж байна. Манай эдийн засгийн гол түнш орнууд шүү дээ. 

- Вакцины талаарх байр суурийг тань сонирхмоор байна. Сангийн сайд вакцин худалдан авахад зориулж Дэлхийн банкнаас 50.6 сая ам.доллар зээлэх хүсэлтээр илэрхийлсэн талаар хэлж байсан. Сүүлийн үед дуулдаад байгаа вакцинууд хэр өгөөжтэй юм бол? 

- Би хувь хүнийхээ хувьд Prizer-ийн болон Moderna фирмүүдийн вакцинууд өндөр хүлээлттэй байгаа гэж харж байна. Австрали, БНСУ-ын эрдэмтэд ч хамтраад ажиллаж байна. Коронавирусны генетикийн кодын нэг хэсгийг хүний биед тарина гэж ойлгодог. Энэ нь вирусийг бүхэлд нь бус дархлааны системийг вирустэй тэмцэх чадвартай болгоно. Moderna вакциныг Цельсийн -20 хэмд 6 сар хүртэл хугацаанд хадгалдаг, ердийн хөргөгчид нэг сар хүртэл хадгалах боломжтой.

Тэгэхээр манай улс хадгалалт, хамгаалалтын энэ өндөр технологийн дэд бүтцийг сайн бий болгоход анхаарах хэрэгтэй. Зардал ч өндөр гэж бодож байна. Нийслэл, томоохон хотууд, аймгийн төвүүдэд шинэ технологийн вакцины томоохон дэд бүтэц бий болгох, хүнээ сургах, ДЭМБ-ын зөвлөмжөөс гадна тухайн вакцин үйлдвэрлэсэн компаниудтай нарийн зохицуулалт, харилцаа холбоо бий болгох шаардлагатай, энэ бол вакцин авахаас илүү ажиллагаа шаардана гэж бодож байна. Цаг алдахгүй хийх ёстой ажил шүү. 

ШИНЭ МЭДЭЭ