ТББХ: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2020.12.02
Улстөр

ТББХ: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.02) хуралдаан 09 цаг 44 минутаас 61 хувийн ирцтэй эхэлж, дараах асуудлыг хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцууллаа. 

Төслийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд 04 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгууллагын байнгын хороонд шилжүүлсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хороо 08 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн дэмжсэн зарчмын зөрүүтэй 56 санал, найруулгын шинжтэй 4 багц саналын томъёоллоор нэг бүрчлэн, төслийн зүйл нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна.

Ингээд Байнгын хорооны дэмжсэн 53, дэмжээгүй 6, найруулгын 1 багц саналууд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгээд байсан аж. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг 08 дугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тав хоногийн, мөн сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гурав хоногийн завсарлага тус тус авсан байна.

Улсын Их Хурлын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль явагдсантай холбогдуулан зарчмын зөрүүтэй зарим саналыг эргэн харах, сайжруулах нөхцөл шаардлага үүссэн гэж үзэн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулах шаардлагатай хэмээн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул Төрийн байгуулалтын байнгын хороонд төслүүдийг шилжүүлсэн юм.

Ажлын хэсэг зарчмын зөрүүтэй 22 саналын томъёолол, найруулгын шинжтэй 1 багц санал болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаарх  зарчмын зөрүүтэй 1 саналыг үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зайлшгүй сайжруулах шаардлагатай хэмээн үзэж нэмж, гүйцээн боловсруулсан байна. Бусад саналыг 08 дугаар сарын 19-ний өдрийн Байнгын хорооны хуралдааны үеэр шийдвэрлэсэн томъёоллоор өнөөдөр танилцуулж байгаа гэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа зүйл бүрээр хэлэлцэхээр заасны дагуу 08 дугаар сарын 19-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн 81 зүйл нэг бүрээр хэлэлцсэн.

Өнөөдрийн хуралдаанаар ажлын хэсгээс гүйцээн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын 22 томъёолол болон найруулгын багц санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлийг “Аймаг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, сумдын үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналтыг хэрэгжүүлэх нэгж мөн” хэмээн өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжив.

Мөн төслийн 7 дугаар зүйлийг “7.1 Сум нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, иргэдэд үзүүлэх хуульд заасан үйлчилгээг зохион байгуулах үндсэн нэгж мөн” гэж өөрчлөх найруулахыг мөн гишүүдийн олонх дэмжсэн юм.

Түүнчлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмчийн талаарх 18 дугаар зүйлийг өөрчлөн найруулах, Орон нутгийн чиг үүргийн талаарх төслийн 20 дугаар зүйлийг өөрчлөн найруулах, Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн талаарх 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.1, 42.1.2-ыг өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Ингээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ